Инженерийн байгууламжийн засвар, үйлчилгээний талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, зуны их болон урсгал засвар, хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ хүрээнд нийт 29 байгууллагаас төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авахаас одоогийн байдлаар 24 байгууллагаас 615 төсөл, арга хэмжээний санал ирсэн. Тухайлбал, 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, засварлах юм. Үүнд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр гурван байршилд гурван км, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр найман байршилд 15.7 км, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гурван байршилд 7.4 км, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар таван байршилд дулааны шугам сүлжээг шинэчлэн засварлана.
Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Зүүн хойд, Тасган, хорооллын усан сангуудыг холбох гол магистраль шугамын ажлыг хийх юм. Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил тавдугаар сарын 1-нээс эхэлнэ. Зуны улиралд хийж буй эдгээр засвар шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийн халуун усыг хязгаарлах шаардлага үүсдэг. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 20-30 жилийн хугацаанд дэд бүтцийн чиглэлээр буюу шугам сүлжээний томоохон шинэчлэлийн ажил хийгээгүй. Жишээлбэл, Багшийн дээдийн уулзвараас Бага тойруугийн хойд хэсгээр тойроод, Цэцэг төв хүртэлх дулааны шугам нь 26 жилийн настай. Дан ганц дулааны шугам сүлжээ гэлтгүй цахилгаан эрчим хүч, ус суваг гэх мэтчилэн дийлэнх дэд бүтцийн эх үүсвэрийн ачаалал хэтэрсэн. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалдаа тааруулаад жил бүр бага хэмжээгээр засвар, шинэчлэлийн ажил хийх шаардлага үүсдэг гэдгийг иргэд ойлгож, хүлээн аваасай гэлээ.