УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэн, байр сууриа нэгтгэсэн байна.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ тухайд “Сүүлийн 20-иод жилд анх удаа ийм томоохон хэмжээний төсөл орж ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангах чиг үүрэгтэйн хувьд уг хуулийг санаачилсан. Сүүлийн 2 хоёр жилд парламентын гадна болон дотор байгаа улстөрийн намууд энэхүү шинэчилсэн найруулгын төсөл дээр хамтарч ажиллан, улмаар өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан.
Энэхүү хуулийн төсөл дараах дөрвөн онцлогтой. Нэгдүгээрт, улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, хоёр сонгуульд дараалан оролцоогүй бол идэвхгүй байдал руу шилжүүлж, хариуцлага тооцох, цаашлаад тараах зэрэг шаталсан арга хэмжээ авдаг болох юм. Хоёрдугаарт, улс төрийн намууд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байх хэрэгтэй.
Гуравдугаарт намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгож, тайлангаа гаргадаг, аудитын байгууллагаар дүгнүүлдэг болно. Хэрэв дээрх үйл ажиллагааг хангаагүй тохиолдолд хариуцлага тооцно.
Дөрөвдүгээрт улс төрийн намуудыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг Сонгуулийн ерөнхий хороо хариуцна. Бүлгийн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд ирэх долоо хоногт ажлын хэсэг байгуулж, хаврын чуулганаар хэлэлцэх чигтэй байна" гэлээ.