Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагч, түншүүд, хамтын ажиллагаатай хотуудад танилцуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна.
Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийх ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүнд хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийн талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа.
Тэрбээр “Авто замын түгжрэл гэдэг хот төлөвлөлтийн алдаа, хотжилт, эдийн засаг, нийгмийн үзэгдлүүдийн үр дагавар. Сүүлийн 30 жилийн турш хуримтлагдсан олон талт асуудлуудын үр дагаврыг бид ганцхан шийдвэрээр нэг дор шийдэхгүй. Гэхдээ салбар салбарт тодорхой ажлуудыг үе шаттай хийснээр түгжрэлийг бууруулна. Тухайлбал, замын түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.4 км автозам, 963,7 метрийн урттай гүүрийг 2024 онд багтаан ашиглалтад оруулах зорилт тавьсан. Эдгээр бүтээн байгуулалтад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоо чухал” гэлээ.
Мөн Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа.
2040 онд Улаанбаатар хотыг Байгальд ээлтэй ногоон хот болгох бодлого баримталж буйг тэрбээр онцолсон. Энэ хүрээнд хотын нэг оршин суугчид ноогдох ногоон байгууламжийн хэмжээг одоогийнхоос 5.8 дахин буюу 35 м.кв болгохыг зорьж буй. Мөн нийслэлийн хэмжээнд 11 цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв.
Форумын үеэр мөн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хотын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах төсөл, бүтээн байгуулалт, бизнесийнхээ талаар танилцуулсан.
Тухайлбал, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төв байгуулах төслийн талаар “Туушин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Монголжингоо танилцууллаа.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй логистикийн 10 терминал орчин үеийн шаардлага хангахгүй байгааг тэрбээр онцлов. Тиймээс орчин үеийн, бүрэн автоматжуулсан, ачаа тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэх логистикийн терминалыг бий болгосноор тоосжилт, дуу чимээний бохирдлоос сэргийлэх, хотын түгжрэлийг бууруулах давуу талтай гэж Ж.Монголжингоо тэмдэглэж байв. Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төвийн газрын зөвшөөрлийг авч, ТЭЗҮ-г хийсэн бөгөөд энэ онд бүтээн байгуулалт эхэлж, 2024 оны нэгдүгээр улирлаас эхний үе шатын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр тулгамдсан асуудлуудыг шийдэх хүрээнд "Дагуул хот ба Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжил" хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт ЖАЙКА-гийн Хөрөнгө оруулалт оруулалт, бизнес хөгжил хариуцсан мэргэжилтэн Масаюуки Ишиди, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, НИТХ-ын төлөөлөгч, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн захирал Б.Мягмар, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар панелистаар оролцлоо. Хотын хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг тэд хэлэлцсэн юм.