ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан болохыг мэдэгдлээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг УИХ нэг танхимтай байх ба гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно гэж өөрчлөх тухай төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Өнөөгийн түвшинд Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол болгон барьж ажиллаж чадахгүй байгаа нь сонгуулийн мажоритар тогтолцоотой ихээхэн хамааралтай. Холимог тогтолцооны асуудал нь зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Манай улс 2012 онд УИХ-ын сонгуулийг зохион байгуулахдаа гишүүдийн 48-ыг нь мажоритараар, 28-ыг нь пропорционалиар сонгож, УИХ-аа бүрдүүлж байсан. Тухайн үед 99 гишүүнтэй болох тухай асуудал хөндөгдөж байсан ч дэмжигдээгүй. Үүний дараа ч гишүүдийн тоог нэмэх тухай дахин яригдаж, 108 болгоё гэсэн санал ярьж байсныг та бүгд санаж байгаа байх.
Өнөөгийн нөхцөлд УИХ-д төлөөллийн зарчмыг бүрэн хангах нь тун чухал. Үүний зэрэгцээ одоогийн нөхцөлд нэг байнгын хороо 19 гишүүнтэй, тухайн гишүүн гурван байнгын хороонд харьяалагддаг, мэргэжлийн байнгын хороонд мэргэжлийн бус гишүүн харьяалагддаг, цөөн гишүүний кнопоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийддэг зэрэг сул тал ихтэй. Дээрх хувилбараар, гишүүдийн тоог нэмснээр чанартай хууль батлах боломж бүрдэнэ" гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ үеэр хэлэхдээ, УИХ-ын болон бусад холбогдох тогтоолын хүрээ хязгаарт захирагдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байгаа болохыг тодотгосон юм. Түүнчлэн улс төрийн бусад намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн зүгээс хүргүүлж байсан засаглалын хэлбэрийг өөрчлөх, төрийн бэлгэ тэмдэг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт, шүүх эрх мэдэл гэхчлэн өргөн хүрээтэй саналууд ирж байсан. Гэхдээ Засгийн газар дээрх тогтоолын хүрээнд ажиллаж, эхний ээлжинд тоо, тогтолцооны асуудлыг хөндсөн гэсэн нэмэлт тайлбарыг хийв.