Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод болголоо.
Тус сайтад 2000 оны нэгдүгээр сарын нэгнээс 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааны буюу хорин жилийн мэдээллийг ил болгож байна. Нийслэлийн Засаг дарга нар газрыг хэзээ, хэнд, хаана, хэдий хэмжээгээр, ямар зориулалтаар олгосон талаарх баримтууд байгаа. Үүнд газар эзэмших, ашиглах эрх олгосон 14954, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6329, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7150 гээд 36958 захирамжийг нээлттэй байршуулж байна. Харин 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын тухай мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгэн, зургаадугаар сарын 1-нээс өмнө байршуулах аж.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэхдээ, “Та бүхэн регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болно. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь аль компани, аж ахуйн нэгж худалдаж аваад, хэн гэдэг дарга зориулалтыг нь өөрчилсөн гэдэг нь тодорхой байгаа. Мөн тухайн иргэн, аж ахуйн нэгж газраа эзэмшиж байхдаа төлбөрийг нь цаг хугацаандаа төлж байгаа эсэхийг ч хянах боломжтой. Эдгээр мэдээллийг ил болгосноор газрыг замбараагүй олгохгүй байх нөхцөл бүрдлээ" гэв.