Чуулганыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний тав дахь хөтөлбөр”-ийг 1997-2020 онуудад батлан, тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажил олгогч, ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, учирч болзошгүй аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах стандарт, арга барилыг хэвшил болгох ёстой. Хүний амь нас, эрүүл мэндийг нэн тэргүүнд авч үзэх соёл нь тухайн ажил олгогчийн үнэ цэн, нэр хүндийн хамгийн эрхэм дээд баталгаа юм. Өглөө ажилдаа гарсан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллаад буцаж гэртээ харьдаг байх ёстой. Үүний тулд салбар бүр аюулгүйн ажиллагаанд холбогдох техинкийн зохицуулалт, стандартаа батлан, аюулгүйн ажиллагааны дүрмээ ягштал мөрдөн ажилладаг соёл ердийн хэвшил болох цаг хэдийн болсон.
Өнгөрсөн 2022 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 395 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 35.2 хувиар өсөж, хөдөлмөрийн аюулгүй байдлын улмаас нас барсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад 1.2 хувиар нэмэгдсэн харамсалтай мэдээ гарчээ. Хяналтын байгууллага салбарын яамддаа шилжих шилжилтийн энэ үед бүтэц зохион байгуулалт, төсөв санхүү, салбар дундын уялдаа холбоог хангах, цахим мэдээллийн систем, эрсдэлийн удирдлага, төлөвлөлт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зэрэгтэй холбоотой асуудал, бэрхшээлүүд тулгарч байна. Иймд Засгийн газраас шилжилтийн үеийн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.
Хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулахад хөдөлмөрийн болон эрүүл ахуйн хяналтыг сайжруулж, хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу нийгмийн түншлэлийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоодын хяналтыг сайжруулахад бүх түвшинд анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй” гэсэн юм.
Үндэсний чуулганаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагааны чиглэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбаруудын асуудал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа гэсэн гурван салбар хуралдааныг зохион байгуулж, хэлэлцэж байна.
Чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлага, сургамжийн талаар үнэтэй зөвлөгөө, мэдээллийг Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш Томас Газзерт, ОУ-ын хөдөлмөрийн баайгууллагын Ази-Номхон далайн товчооны ХАБЭМ-ийн ахлах мэргэжилтэн Юка Ужита нар өгсөн юм.