Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” эхэллээ. Уулзалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцож байна. Засгийн газрын бодлогын цөм хэсэг нь хүний хөгжил рүү чиглэж байгаа бөгөөд эмч, багш нарын үүрэг оролцоо чухал юм. Тиймээс ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай илэн далангүй ярилцаж, санал солилцож байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 97-р сургуулийн бага ангийн багш И.Мөнхцэцэг: Бага ангийн багш нар хүүхдэд найман төрлийн шинжлэх ухааныг эзэмшүүлэх гэж хичээдэг. Багш бэлтгэдэг сургуулиудын чанарт онцгой анхаармаар байна. Биднийг багш болж байхад сургуульдаа сурлагын чанараар 1, 2-оор жагссан хүүхдүүдийг шалгаруулж авдаг байсан. Бага ангийн багш бол хүүхэдтэй харилцах харьцаа, хүүхэд хайрлах байдал гээд маш олон зүйлийг эзэмшсэн байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан. Тиймээс багш бэлтгэх босго оноог өндөрсгөж, шалгуурыг нь сайжруулахад анхаармаар санагддаг.
Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын салбарт 9450 багш ажиллаж байна. Харин ерөнхий боловсролын 859 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс нийслэлд төрийн өмчийн 155, хувийн 136, нийт 293 сургуульд 36.1 мянган багш ажиллаж байна. Бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж буй 52.9 мянган багшийн 68.2 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн багш нар байна. ЕБС-ийн нийт багш нарын 88.2 хувь буюу 31,880 нь төрийн өмчийн сургуульд, 13 хувь буюу 4,238 нь хувийн сургуульд ажилладаг. Нийт багш нарын 92.6 хувь нь эмэгтэйчүүд байна.