Соёлын сайд Ч.Номин, дэд сайд М.Батбаяр нар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын явцтай энэ сарын 20-нд танилцлаа.
Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтцийн ажил дуусаж, дотоод тохижилтын ажил эхэлсэн байна. Ингэснээр барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн бөгөөд 2023 оны намар барилгын ажил дуусна гэж гүйцэтгэгч компани мэдээллээ.
Уг театр 850 хүний багтаамжтай бөгөөд 330 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх нөхцөл бүрдэх юм.
Соёлын сайд Ч.Номин барилгын явцтай танилцах үеэрээ хүүхэд, залуучуудад зориулсан театр тул зөвхөн соёл, урлагийн тоглолт үзээд зогсохгүй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, номын сангаар үйлчлүүлэх, бага насны хүүхдэд зориулсан танхимтай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй, ая тухтай зорчин соёлын үйлчилгээ авах зэрэг боломжийг бүрдүүлэх чиглэлийг театрын удирдлагуудад өглөө.