Азийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Азийн физикийн XXIII олимпиадаас хүрэл медаль хүртсэн сурагч Л.Дөлгөөн болон олимпиадын хорооны болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус олимпиадад Монгол Улс зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан юм. Ингээд олимпиадын үр дүн гарахад Монгол Улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж өчигдөр шагналаа гардан авсан.Хэдийгээр олимпиадад үндэсний багийн багш нар сурагчдыг бэлтгэсэн ч сүүлийн 6 жилийн туршид энэ сурагчид физикийн хичээл заасан багшийн хөдөлмөр өнөөдрийн амжилтад чухал нөлөөтэй юм. Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцлоо. Ингээд тивийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардууллаа. Мөн олимпиадад бэлтгэсэн багш нарт дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.