Туул голын усны түвшин 270 см-т хүрч, үерийн аюултай түвшинг давах төлөвтэй байна

Сэлбэ голын ус үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, өмнөх 16 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна. Харин Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн, хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см давлаа.

Туул голын хувьд үерийн түвшинг 50 см давж, үерийн аюултай түвшинд /260 см/ хүрэхэд таван см үлдээд байна.  Таамаглалаар маргааш Туул голын усны түвшин 270 см-т хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байгаа юм.

Иймд  зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авахыг холбогдох байгууллагууд зөвлөлөө. Үүнд,

  1. Найдвартай холбооны хэрэгсэлтэй эргүүлүүдийг Туул голын дагуу гаргах. Тухайлбал, Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд эргүүл гаргаж, үерийн байдлыг богино хугацаанд давтамжтай мэдээлж байх,
  2. Туул гол дагуух үерийн хамгаалалтын далангийн нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах, бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх, авах,
  3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх зэрэг багтаж байна.