Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайван, Чингис, Ард Аюуш, Чингэлтэйн өргөн чөлөөний хоёр эгнээ замыг гурав болгон нэмэгдүүлэх ажлыг судлах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дөрвөн өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний газрыг чөлөөлөхөд нийт 195 нэгж талбар өртөх тооцоо судалгаа гарчээ. Чингэлтэйн өргөн чөлөөний хувьд зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байгаа бол үлдсэн гурван өргөн чөлөөний ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.
Мөн Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулсан. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Түүнчлэн олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 86 гудамж, замд 74,999 ам метр тэмдэглэгээ хийхээс 69 гудамж, замд 54,813 ам метр хэвтээ тэмдэглэгээ хийгээд байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангахаар 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Тэрбээр:
-Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд 84.6 хувийн биелэлттэй байгаа. Үүнээс Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. Улс, нийслэлийн хөрөнгө болон гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугамын өргөтгөл, шинэчлэл 97.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин ЕСБХБ-ны санхүүжилтээр хоёр байршилд 3 км дулааны хос шугам шинээр татахаар төлөвлөсөн бөгөөд худалдан авах ажиллагааг зарласан.
Ус сувгийн удирдах газраас өвөлжилтийн бэлтгэл хангахаар шугам сүлжээ, барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 83.1 хувьтай хэрэгжиж буй.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын хувьд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Инженерийн шугам сүлжээний их болон урсгал засвар 83 хувийн биелэлттэй байгаа бөгөөд есдүгээр сарын 15 гэхэд 100 хувь дуусгахаар ажиллаж байна. Мөн инженерийн шугам сүлжээ, ариутгах татуургын худгийн засвар, түвшин тааруулах ажил 75 хувийн биелэлттэй байгаа.
Мөн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хот тохижилтын газар, дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд нийт 6057 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1121 тонн бодис, 3025 тонн давс нөөцлөөд байна.
Зам талбайн цэвэрлэгээний 25 байгууллагын 290 тусгай зориулалтын тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийн, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Нэмэлтээр БНХАУ-аас бодис цацах 11 техник, зам талбайн шүүрт машин зургааг захиалсан гэв.
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн их болон урсгал засварын ажлыг хугацаанд нь хийж, машин механизм, тоног төхөөрөмжүүдийг яаралтай татан авах, давс бодисын нөөцөө сайтар бэлтгэх хэрэгтэйг анхааруулав.