УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд болон УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаныханд зориулсан сургалтыг зохион байгууллаа

Ес дэх удаагийн сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд болон УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнуудад  зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас өнөөдөр /2024.09.16/ зохион байгууллаа. Энэхүү сургалт нь УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, намын бүлгийн ажилтнуудад чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулсанаар сургалт эхэлж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан төрийн албан хаагчид тавигдах шаардлага, ёс зүй, улс төрийн албан тушаалтны онцлог, анхаарах асуудлын талаар, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийсэн.

Мөн УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг, УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны болон төсөвт тавих хяналтын хэлбэр, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, иргэд олон нийттэй харилцахдаа баримтлах зарчим, хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хуулийн төсөл боловсруулахаас эхлээд эцэслэн батлах үе шат хүртэлх үйл ажиллагааны талаар, Тамгын газрын дэд дарга Э.Лхагва хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар танилцуулга хийсэн. 

Сургалтад оролцогчид Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагааны хэлбэр, тодорхой асуудлыг шалган судалж санал, дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх талаарх аргачлал, зөвлөмж авч, Гадаад харилцааны газартай хэрхэн харилцаж үйлчилгээ авах, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.

Сургалт Төрийн ордны хамгаалалт, түүнд тавигдах шаардлага, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлууд, хууль тогтоох байгууллагын цахим системүүд, тэдгээрийг ашиглах, баримт бичиг боловсруулах арга зүй, зөвлөмж, Төрийн болон албаны нууцын ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар анхаарах зарим асуудал зэрэг сэдвээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.