Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг батлав

Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн тухай  хэлэлцээрийг баталлаа.

Ийнхүү хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр манай улсын иргэд АНУ руу хямд зардлаар тав тухтай зорчих, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байгаа юм. 

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ЗТХЯ-наас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэх зорилт тавьж, 2023-2024 онд шинээр арваад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ. 


Энэ хүрээнд АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж, хэлэлцээрийн төслийг Засгийн газрын өнгөрсөн оны 12 дугаар сарын07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж, энэ оны 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.