Нийслэлийн төв зам дагуух долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан байна. Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд "Засаг даргаас Бөхийн өргөөний уулзварыг зүүн гар тийш эргүүлэх шийдвэр өгсөн. Өнөөдөр бид бэлтгэл ажлаа хийгээд маргааш өглөөнөөс Бөхийн өргөөний уулзвараар зүүн гар тийш эргэх боломжтой болж байна" гэв. Харин Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр "Энхтайваны өргөн чөлөөнөөс зүүн гар тийш эргэхийг хориглох шийдвэр гарсан. Үүнд ямар нэгэн захиргааны эрх зүйн акт гараагүй. Зөвхөн хөдөлгөөний чиг заасан тэмдэглэгээгээ өөрчилсөн гэсэн үг. Энэ шийдвэр хэрэгжиж эхлээд 13 хонож байна. Өнгөрсөн хугацаанд уулзвар бүрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 1,000-1,500-гаар нэмэгдсэн. Туслах зам дээр түгжрэл үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ ганцхан зүүн эргэхгүй болсон шийдвэртэй холбоотой биш. Жил бүрийн энэ үеэр орон нутгийн тээврийн хэрэгсэл нэмэгддэгтэй холбоотой. Энэ жил гэхэд орон нутгийн 72,800 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Маргааш өглөөнөөс Энхтайваны өргөн чөлөөнөөс Токиогийн гудамж руу зүүн эргэх боломжтой болно" гэв.