Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, түүний хэрэгжилтийг сайжруулах, дуусгаагүй барилга, байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээ авах талаар хэлэлцлээ.
Энэ талаар Ерөнхий сайд тодорхой үүрэг өгч, Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг өглөө. Энэ талын судалгаа, мэдээлэл, авах арга хэмжээний талаар хуралдааны дараагаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж мэдээлсэн юм.
Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 736 төсөл, арга хэмжээ үргэлжилж байна. Үүнээс яаралтай хэрэгжүүлэх, найман жил болж буй 25 төсөл, арга хэмжээ байна
Тэрбээр хэлэхдээ, Ерөнхий сайд, түүний баг сүүлийн хоёр 7 хоногт аймаг, хөдөө орон нутагт ажиллаж буйг та бүхэн мэдэж байгаа байх. Хөдөө, орон нутаг дахь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, мөн төсвийн бодлого дагасан ажлуудын хэрэгжилт аймаг аймгийн онцлог нөхцөл байдалд ямар байгаа гэсэн олон ажлыг хамарч байна гэв.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтаар 736 төсөл, арга хэмжээ үргэлжилж буйг мэдээллээ. Энд 8-аас дээш жил үргэлжилж буй, үнийн өсөлттэй холбоотойгоор төсөвт хэд хэдэн удаа суулгасан, өнөөдөр ч дуусгаагүй байгаа онцгой анхаарах 25 төсөл, арга хэмжээ байна. Эдгээрийг дахин нягтлан үзэж, яаралтай арга хэмжээ аван дуусгах ажлын хэсэг 7 хоногийн хугацаанд ажиллаж эхэлснийг мэдээллээ.
Тэрбээр, төсвийн хөрөнгөөр барьж, олон жил үргэлжилж буй барилгуудын 60-70 хувь нь захиалагч буюу төрийн буруугаас болсон гэх судалгаа гарч байна. ТЭЗҮ дутуу, барилгын зураг төсөл хэд хэд өөрчлөгдсөн гэх мэт шалтгаан их байна. Тиймээс үүнээс хойш ТЭЗҮ нь батлагдаагүй барилгыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй гэдгийг мэдэгдлээ.
Одоогоор 46 компаниийг хар жагсаалтад бүртгэсэн. Мөн 107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирсэн. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд хар жагсаалтад гурван жил байлгана. Тэр хооронд алдаагаа засаж залруулах боломжтой юм гэв.