“Марс Ви” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн 3 дугаар хурал боллоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан “Марс Ви” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр III хурлаа зохион байгуулж, Ажлын хэсгийн төлөвлөгөө болон төрийн байгууллагуудын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. 

Энэхүү ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 119 дүгээр захирамжаар "MARS V" төслийн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байгуулсан юм. 

Хурлаар Шадар сайд С.Амарсайхан Марс-Ви төслийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Марсын аналог сургалтын төвийг байгуулахад шаардлагатай, хөгжүүлэлт хийх газруудын зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, Монгол Улсын дунд хугацааны "Хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн "Байгаль орчны зорилтот хөтөлбөр"-т уг төслийн уйл ажиллагааг оруулах, НҮБ-д санаачилга дэвшүүлж, элчин сайдын яамдад танилцуулах, гадаад харилцааг өргөжүүлэх талаарх ажлыг судалж Гадаад харилцааны яам дээр байгуулагдсан Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирлаар ахлуулсан дэд ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдын тушаалаар албажуулахыг үүрэг болголоо. 

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт "Стратосфер давхаргад хүнд даацын сансрын бөмбөлөг хөөргөх хөгжүүлэлтийн төлөвлөгөөг танилцуулж, батлуулах ажлын бэлтгэлийг хангах" дэд ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулахыг даалгаж, Ажлын хэсэгт багтсан яам, агентлаг, төрийн байгууллагуудад албан ёсоор МАРС-ВИ төслийг танилцуулж ажлын хэсгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, санхүүгийн болон бодлого зохион байгуулалтын дэмжлэг, боломжуудыг судалж, нарийвчилсан ажлын төлөвлөгөөг ээлжит ажлын хэсгийн хурал дээр танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.