УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.10.16/-ийн хуралдаанаар Намрын чуулганы хугацаанд хэлэлцэгдэх асуудлуудын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой ажлын хэсгүүдийг байгуулах болон 2024 оны Монгол Улсын төсвийг дагалдан орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Мөн МСНЭ-ээс УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн шаардлагын хүрээнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын мэдээллийг сонсож, хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Э.Бат-Амгалан, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн ээлжит хурлаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Намрын чуулганыг үр дүнтэй байлгахыг зорьж байна. Өнгөрөгч хаврын чуулган бол эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон асуудлыг шийдвэрлэсэн чуулган байсан. Тэгвэл намрын чуулганыг гурван чиглэлд анхаарч эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тогтлоо.
Нэгдүгээрт, Хүний эрхийг хангах, үүн дотор хүүхдийн эрхийг хангах, гэр бүлийг хамгаалах чиглэлд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзээд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан.
Хоёрдугаарт, Хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий. Хуулийн төслүүдийг бэлтгэх ажлын хэсгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн миний бие ахлахаар тогтлоо. Энэ асуудлын хүрээнд Хот тосгоны тухай хууль, Хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Татварын тухай хууль зэрэг олон хуулийг боловсруулах шаардлага бий.
Гуравдугаарт, Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулахтай холбоотой ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар тогтлоо. Дээрх гурван ажлын хэсгийг гаргаж, холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлахаар шийдвэрлэлээ. Намрын чуулганаар дээрх гурван асуудлаар эрх зүйн шинэчлэл хийгдэх болно.
Мөн 2024 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийг дагалдан нийт 21 хууль, 8 Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Бүлгийн гишүүдийн олонх зарчмын хувьд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Цаашид анхаарах шаардлагатай асуудлууд байна. Тухайлбал, газрын тухай таван хууль, Уул уурхайн биржийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ авах худалдан авах тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Эдгээр хуулиудыг ажлын хэсэг дээр нухацтай хэлэлцэж, тодорхой санал боловсруулж, намын бүлэгт танилцуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн МСНЭ болон сэтгүүлчдээс МАН-ын бүлэгт санал тавьж, шаардлага хүргүүлсэн асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэлээ” гэв.