Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд 10 эрүүл мэндийн байгууллагыг хот төлөвлөлттэй уялдуулан байгуулах асуудлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Ажлын хэсэг байгуулагдан, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоонд тулгуурлан таван чиглэлийн тусламж үйлчилгээг 10 эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх саналыг боловсруулаад байна. Зарим дүүрэгт нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттай эрүүл мэндийн байгууллага байгуулах ажил эхэлж байна. Төрөлжсөн төвийн зохион байгуулалтаар төлөвлөлтөө хийхээр болсон. Тухайлбал, Гэмтэл, сэргээн засах чиглэлийн эмнэлгийг Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт, Харвалт, шигдээсийн төвийг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт, Хөнгөвчлөх төвийг Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт, Хордлого, яаралтай тусламжийн төвийг Баянгол дүүрэгт, Гемодиализийнтөвийг Хан-Уул дүүрэгт байгуулах саналыг гаргаж, Ажлын хэсгээс санал авч байна хэмээлээ.
“Сэлбэ сэргэлт” төслийн хэрэгжилтийн явцын талаар “Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Сэлбэ сэргэлт” төсөл тавдугаар сараас эхэлж, ажлын зураг, ТЭЗҮ нэгэн зэрэг явж байгаа бөгөөд 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Шугам сүлжээ шилжүүлэх, трассын давхцал хүндрэл учруулж байгаа. 21.6 км трассыг гурван үе шаттай хэрэгжүүлж, багц нэг, хоёрыг хүлээлгэн өгөхөд бэлэн болж буй” гэв.