Эрсдэлийг бууруулах арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая, толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн.

Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна.Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.

Тус тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нөөцөд нийт 20.2 мянган тн өвс, 8.0 мянган тн тэжээл бэлтгэж, өвс, тэжээл бэлтгэсэн бол малчдын түвшинд 1.2 сая тн хадлан, 118.5 мянган тн ногоон тэжээл, 61.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 48.1 мянган тн гар тэжээл, 18.6 мянган тн дарш, 81.4 мянган тн давс, хужир бэлтгэсэн нь шаардагдах өвс, тэжээлийн 92.3 хувийг хангаад байна.

Мөн газар тариалангаас 111.0 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж 240.0 мянган тн ногоон тэжээл хурааж авсан бөгөөд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх 300.0 гаруй мянган тн улаан буудайнаас 80.0 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэж, 70.0 мянган тн буудай тэжээлийн будаа руу шилжиж 2023-2024 оны мал аж ахуйн салбарт 390.0 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн өнгөрсөн сарын 03-ны өдрийн шийдвэрээр бүх төрлийн малын махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 12 оронд 260.0 сая ам.долларын өртөг бүхий 70.0 мянган тн мах экспортлоод байгаа юм. Хэдийгээр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол 8 аймгийн 26 сум зудархуу байна.

Иймд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт хүндрэх, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлийг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, хоол хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, түлш зэрэг гамшгийн бэлэн байдлын нөөцийг орон нутгийн хэмжээнд тодотгож, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх Отроор явж байгаа малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, тухай бүр тодотгож, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг үзүүлэх, аливаа эрсдэлийг бууруулах арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Улсын онцгой комиссын гишүүд болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн мал, махны экспортыг нэмэгдүүлэх, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, өвс тэжээлийн зах зээлийн нөөцийн судалгааг гаргаж олон нийтийг мэдээллээр хангах, хяналт тавьж ажиллах, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш нэмэгдсэн, зарим аймгийн нутагт мал бэлчээрлэх боломжгүй болсон зэргийг харгалзаж дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх , шаардлагатай тохиолдолд тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох эсэх асуудлыг судалж шийдвэрлэх, аймаг, орон нутгийн удирдлага, мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх зэргээр нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Х.Болорчулуун болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.