Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжюанийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Шадар сайд, хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимжиж байгаад талархлаа илэрхийллээ.
Тэрбээр, “Миний бие өнгөрсөн есдүгээр сард ӨМӨЗО-ы Хөххотод Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэйтэй, мөн 10 дугаар сард БНХАУ-ын ТӨЗО-нд зохион байгуулсан “Гимлайн олон улсын форум”-д оролцох үеэрээ Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээнд санал солилцсон. Шадар сайдын хувьд УОК, гамшгаас хамгаалах, стандартчилал, хэмжил зүй, Тохирлын үнэлгээний итгэмжлэл, шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрийн худалдан авах ажиллагаа, агаарын бохирдолтой тэмцэх салбарыг хариуцдаг. Энэ хүрээнд Хятадын ижил чиг үүрэгтэй байгууллагатай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтэй байна. ОБЕГ Хятадын Онцгой байдлын удирдлагын яамтай хамтран ажиллаж байна” гээд, цаашид Стандарт хэмжил зүйн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” болон “Хэтийн зорилго 2035”-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байна. Ялангуяа хөрөнгө оруулалт татах, туршлага судлах, дэвшилтэд техник, технологийг авч нутагшуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Минжюань, хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж, төрөлжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт болох “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг дэмжиж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэх, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Мөн уур амьсгалын өөрчлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахад таатай байх болно. Тэр дундаа цөлжилттэй тэмцэхэд идэвхийлэн оролцож, хил орчмын түймэр унтраах байгууллага байгуулахаар шийдвэрлэснээ дуулгахад таатай байна” гэжээ.