Манай улс хорт хавдар, ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг харамсалтай статистик бий. 2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Тэгвэл хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологи болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэхээр боллоо. Эл эмчилгээг манай улсад нэвтрүүлэхээр ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, F.Hoffmann-La Roche компани харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Тодруулбал, Монгол Улс Швейцарын “PACE буюу бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр” гэх хөтөлбөрт гурван жилийн хугацаанд хамрагдаж байна. Элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг тунгаасаа хамаарч 8000-9392 ам.доллар буюу манайхаар 20-32 сая төгрөгөөр хийлгэдэг бол үүнийг манайд 1000 орчим ам.доллараар нийлүүлэх юм.
Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Дархлаа эмчилгээг иргэнд санхүүгийн дарамт учруулахгүй байдлаар нэвтрүүлж байгаад баяртай байна. Өндөр өртөгтэй эмчилгээ тул зах зээлийн үнээр эрүүл мэндийн даатгалд оруулах боломжгүй байлаа. Тиймээс тодорхой хугацаанд хэлцэл хийж, PACE хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тодруулбал нэг хүн найман сая төгрөгөөр дархлаа эмчилгээнд хамрагдах боломжтойг тодорхойлсон. Одоогоор манай улсад хавдрын эсрэг бай эмчилгээнд таван сая төгрөгөөр хамрагддаг. Гэхдээ бай эмчилгээ дангаараа үр дүнд хүрдэггүй. Бай болон дархлаа эмчилгээтэй хавсран хийх зардал нь найман сая төгрөг болж байгаа юм. Дархлаа эмчилгээний гол онцлог нь хүний биеийн дархлааг өөрийг нь идэвхжүүлж, хавдрыг эмээр биш хүний дархлааны эсээр устгадаг. Өмнө нь хожуу оношлогдсон элэгний хавдарт эмчилгээ байгаагүй. Найдваргүй гэж нэрлэдэг. Нэг жил амьдрах боломжтой байсан. Харин дархлаа эмчилгээг хийлгэсэн иргэдийн 30 орчим хувь нь таван жил амьдарч байгаагаас боломж бий гэж харагдаж байна. Төсөл гурван жил үргэлжлэх хэдий ч бид энэ хугацаанд цаг хожно. Эхний дөчин хүнд ХСҮТ-ийн санхүүжилтээр хийнэ. Иргэддээ аюулгүй хүргэж байна гэдэг үр дүнгээ батлуулсны дараа илүү өргөн хүрээнд хүргэх боломж нээгдэнэ. Тэр үед иргэд даатгалаар дархлаа эмчилгээгээ хийлгэх боломж Эрүүл мэндийн санд шинээр орж ирж буй “Дархлаа эмчилгээний багц”-ын хүрээнд бий болно. Тиймээс дархлаа эмчилгээг өргөжүүлэхээс гадна эсийн эмчилгээнүүдийг нэвтрүүлэх бодолтой байна” гэв.