Ханбогд сумын удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар ханджээ

Нүүрсний хяналтын сонсголын хоёр дахь өдрийн хуралдааны үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гадаадын аж ахуйн нэгж болон гадны иргэнд хууль бусаар газар эзэмшүүлсэн гэх асуудлыг ил болгосон билээ.

Тодруулбал, гадаадын 38 иргэн, хоёр аж ахуйн нэгжиж 4575 га газрыг эзэмшүүлсэн нь Ханбогд сумын 0.3-тай тэнцэх хэмжээний газар байсан бөгөөд тус газрыг авсан компаниуд нь эргэж 1 га-г нь тэрбумаар үнэлэн зарсан байх асуудал ч үүсээд буй.

Тэгвэл Түр хорооны дарга Б.Энхбаяр энэ асуудлыг авлига, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учраас АТГ-т шалгуулахаар өгчээ. Тэрбээр, энэ талаараа "Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" хэмээлээ.

Энэхүү хэргээс үүдэн Ханбогд сумын өнөөгийн удирдлага болох Х.Нэхийт, өмнөх удирдлага болох Ш.Эрдэнэжаргал нараас гадна газрын албаны хүмүүсийг АТГ-аас шалгах бололтой.