“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо

Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах “Ургацын баяр-2023” ёслол “Корпорэйт конвеншн центр”-т боллоо. 

Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон  хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв.

Тэрбээр ““Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын хангамж, экспорт нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 1857 аж ахуйн нэгж, иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн нийт 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн нь “Хүнсний хувьсгал” эрчимтэй өрнөхөд чухал түлхэц болсон. Олсон ололтоо улам бататгаж, цаашид уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, үрийн чанар, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн чанар, стандарт зэрэгт онцгой анхаарах шаардлагатай. Энэ хүрээнд төсөв, хөрөнгө, зээл, санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих нь чухал байна.

Нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлого, амьжиргааг сайжруулах нь “Хүнсний хувьсгал”-ын амин чухал зорилт юм. Малчдын залгамж халааг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах, хоршиж ажиллах, малын үүлдэр угсааг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэгт тодорхой үр дүн гаргах хэрэгтэй. Ялангуяа 2024 онд вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, Монгол Улс малын өвчингүй эрүүл бүс болох зорилтод бодит ахиц дэвшил гаргах шаардлагатай байна. Цөлжилт, шороон шуурганы эрсдэлийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн кластер, цогцолборууд байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, тээвэр, логистикийн сүлжээ бий болгох, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, шинэ техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэгт төр, хувийн хэвшил хамтрах нь чухал юм. Цаашид хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар хүнс экспортлогч орон болохын төлөө төр, засаг, ард иргэд нэгдэн, эх оронч сэтгэлээр хамтран зүтгэе" гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарласан. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тариалангийн сэргэлт-2023” зөвлөгөөнийг хаврын тариалалтын өмнө зохион байгуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн биелэлээ олжээ.

УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын  хүрээнд арилжааны 10 банкнаас газар тариалангийн үйлдвэрлэгчдэд 89.7, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 24.3, нийт 114 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгаалах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд явуулах боломжийг бүрдүүлсэн аж.

Энэ жил 175.0 мянган тонн төмс, 185.0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг бүрэн хангаад байна. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа дээд амжилт тогтоожээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ургац хураалтын түүхэн амжилтаа ахиулахын тулд боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, үнэ ханшийг тогтворжуулж, борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн  ургац хураалттай зэрэгцээд төмс, хүнсний ногоо, улаанбуудайн импортыг хязгаарлах арга хэмжээг салбар яамны зүгээс авч хэрэгжүүлсэн болон үрийн шинэчлэлийг эрчимжүүлж, элит үрээр тариалалт хийж, ургацын чанарт сайнаар нөлөөлдөг тухай дурдлаа. Үрийн шинэчлэлийн үр дүнд улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонноор нэмэгдэж нэгж га талбайгаас авах улсын дундаж ургац 15 цн-т хүрээд байна. Энэ нь сүүлийн таван жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.