Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр байгаль орчны салбарын сайн, саар бүхнийг ярилцаад гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ.

Байгаль орчин, экологийн асуудал бол Засгийн газраас анхаарах чухал салбар гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган янданг бууруулахгүйгээр, насжилт өндөртэй авто машины тоог хязгаарлахгүйгээр агаарын бохирдлыг багасгах талаар ярих боломжгүйг, нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж, үерийн усаар зөөгдөж, агаарт дэгдэж буйг шийдэхгүйгээр улс хөгжих боломжгүй. Өөрөөр хэлбэл, байгаль экологийн хүндрэлүүдийн ихэнх нь нийслэлтэй холбоотой байгаа. Нийслэлийн тулгамдсан асуудал бүхэн Монгол Улсын хүндрэл болсон гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэсэн.
 
Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн. Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгааг мэргэжлийн байгууллагууд судалгаагаар тогтоосон байна. 


 
Нийслэлийн агаарын бохирдлыг ойрын хугацаанд шийдэх хамгийн гол шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тэмдэглээд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.
 
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дунд хугацаанд зургаан дэд төв шинээр байгуулах замаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөж орон сууцжуулах, ногоон санхүүжилт, зээлийн тогтолцоо бүрдүүлэх, богино хугацаанд евро5 ангиллын бензин, дизель түлшний хэрэглээ болон цахилгаан тэжээлт автомашины тоог нэмэгдүүлэх, гэр хороололд “Яндангүй бүс” тогтоож нийт эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх, төрийн байгууллагуудын усан халаалтын зуухуудад технологийн шинэчлэл хийж, түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах зэрэг ажлыг нийслэлийн удирдлагууд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Уулзалтад оролцогчид хөрсний доройтол бол ус, агаарын бохирдлын нэгэн адил аюулын харанга дэлдэж байгааг, нүхэн жорлонг орчин үеийн шийдлээр халах боломж байгааг, хөрс, ус, экологийн мэргэжлийн боловсон хүчний асуудалд анхаарах, байгаль орчны салбар бүрд мөрдүүлэх стандарт чухал байгааг, төр, хувийн хэвшлийн олон байгууллага сүүлийн жилүүдэд дор дороо судалгаа, шинжилгээ хийж байгааг нэгтгэсэн сан бий болгох, чанарт нь анхаарах бодит шаардлага үүссэнийг, хөрсний доройтол, усны чанар, агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг цогцоор нь шийдэх цаг болсныг Ерөнхий сайдад хэлж байв.
 
Ерөнхий сайд байгаль, экологийн салбарын төр, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай болох нь хамгийн чухал байна. Өнгөрсөн 30 жилд агаар, ус, хөрс гэх зэргээр тус тусдаа бодлого гаргаж, хүч тарамдсан. Өнөөдөр ч тус тусдаа бэрхшээл ярьж байна. Одоо тодорхой шалтаг, зовлон тоочих бус бодит шийдэл гаргах шаардлагатай байгааг хэллээ. Мөн байгаль орчин, экологийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг нэгтгээд Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх боломжтой гэлээ.