УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараагаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Цаг агаар огцом хүйтэрсэний улмаас томуу, томуу төст өвчлөлийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар салбарын яамнаас өчигдөр шийдвэрлэсэн. Мөн түгжрэлийг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлээс шийдвэрлэсэн нь өнөөдрөөс хэрэгжиж буй. Тэдгээр шийдвэрийг тус бүлгийн гишүүд эсэргүүцэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болсон байна. Иргэдийн амьдралд хүндрэл учруулж буй дээрх шийдвэрийг эрх баригчид залруулж, үүний оронд урт хугацааны бодлого танилцуулах ёстой хэмээн тус шаардлагад тусгасан аж.
Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойргийг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцээд, бүсчилсэн байдлаар явуулах нь зүйтэй. Энэхүү хувилбар нь Ардчилсан намын хувьд ашиггүй байж мэдэх ч улс орны эрх ашгийг бодолцсон тохиолдолд томсгосон байдлаар зохион байгуулах нь зөв юм гэсэн байр суурьт нэгдсэн гэж О.Цогтгэрэл дарга мэдээллээ.