Монголын үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард таван барилдаан зохион байгуулах хуваарь гаргажээ. Үүнээс гурав нь улс, аймгийн цолтнуудын барилдаан байх юм. Нэгдүгээр сарын 6-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай.
Харин 7-нд буюу маргааш нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Ц.Шийрэвийг спорт сонирхогчид гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, Л.Энхрийлэн, Ц.Отгонбаатар, сүмогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зэрэг тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа олон шилдэг тамирчны багш гэдгээр нь андахгүй мэдэх билээ.
Тэгвэл нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдааныг зохион байгуулах бол маргааш нь буюу 14-нд “Талх Чихэр” хувьцаат компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.
Энэ сарын сүүлчийн барилдаан 20-нд товлогдсон бөгөөд энэ нь “Жем интернэшнл” группийн 24 жилийн ойд зориулсан Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан байх ажээ.