Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд цас цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг.
Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд “Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй” хэмээн заасан байдаг.
Энэхүү журмын хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих үүрэгтэй. Уг тогтоолын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, цас мөсөө цэвэрлээгүй иргэнийг 50 нэгж, байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох заалттай.
Мөн цас мөсөө цэвэрлээгүйн буруугаас иргэн халтирч бэртсэн, автомашин мөргөлдсөн бол Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу “Бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан” хэмээн үзэж, гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг зохицуулалттай.