Х.Нямбаатар: Алслагдсан гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төслийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн их, дээд сургуулиудтай холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн талаар нэгдүгээр орлогч П.Сайнзоригтай хамтран мэдээлэл өгнө. Улаанбаатар хот 1960 онд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийсэн. Монгол Улсын нийслэл тухайн үед дөрвөн дүүрэгтэй байхаар шинэчилж байв. Тэр үед хүн ам нь 150 мянга орчим байсан. Тэр цагаас хойш 30 жилийн дараа 1993 онд Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын шинэчлэлийг хийхэд хүн амын тоо 600 мянгад хүрч, дүүргийн тоог зургаа болгож байсан. Үүний дараа 2024 онд Улаанбаатар хотын бүртгэлтэй хүний тоо 1.7 саяд хүрч, есөн дүүрэг 204 хорооны бүтэц зохион байгуулалттай явж байгаа. Хотын төв хэсгийн Бага тойруу дотор 86 га талбайд улсын төрийн, нутгийн захиргааны бүх байгууллага төвлөрсөн нь түгжрэлийн гол үндэс болж байна. Энэ багахан газарт хотын таван зүгээс өдөртөө гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна. Алслагдсан дүүрэгт эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ харилцан адилгүй байна.

Нийслэлийн есөн дүүргийн гурав нь Багануур, Налайх, Багахангай алслагдсан дүүрэг. Та бүхэн санаж байгаа бол 2014 онд эдгээр дүүрэгт Захирагчийн сонгууль явуулж, дагуул хот байгуулах эхлэлийг тавьж байсан. Харамсалтай нь, Үндсэн хуулийн эрх зүйн орчин тухайн үед бүрдээгүй байснаас Захирагч гэдэг албан тушаалтныг улстөржилт өндөртэй сонгож, 2016 оны сонгуулиар татан буулгасан. Яагаад гэвэл аливаа хотод нутаг дэвсгэр, татвар төвлөрүүлэх эрх, хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлох эрх, өмчөө захиран зарцуулах эрх гэдэг чиг үүргүүдийг хот тосгон гэдэг шинээр байгуулах байгууллагад шилжүүлэхгүйгээр орших боломжгүй гэж үзсэн. Тиймээс 2019 онд Үндсэн хуулийн 57.2 зүйл заалтад зохицуулалтыг тусгасан.

Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Б.Дэлгэрсайхан сайд ажлын хэсгийг ахалж байна. Энэ хүрээнд төвөөс алс байрлалтай гурван дүүрэг нийслэлийн дагуул хот байдлаар хөгжинө. Улаанбаатар хот өөрийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулахын зэрэгцээ Төв аймгийн нутаг дэвсгэр дээр дагуул хот байгуулах эрх зүйн үндсийг оруулж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Төв аймагт хот байгуулсныхаа төлөө нийслэл хот орлогынхоо 20 хувийг Төв аймгийн иргэдэд төвлөрүүлж өгнө.

Хоёр дахь асуудал бол гадаад, дотоод бонд. Нийслэлд гэр хорооллын 190 мянга орчим айл өрх бий. Бид гэр хорооллыг цаашид орон сууцжуулъя гэвэл дэд бүтцийг нь шийдэж, газар чөлөөлөх байдлаар төлөвлөж байгаа. Нийслэл Өрийн удирдлагын тухай  хуульд өөрчлөлт оруулж гадаад дотоод бонд гаргах эрхээ авсан. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвөөс эхэлж байна. Өнөөдөр 2350 айлын газар чөлөөлөхөөс 1500 айлтай уулзахад 50 айл л татгалзсан. Үлдсэн айл өрхүүд хэлэлцээрт орж, газраа чөлөөлж байна. Ирэх долоо хоногт 400 айлын мөнгийг шилжүүлж, нүүлгэн шилжүүлнэ. Бид Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх айл өрхийг зургадугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлж байна. Нийт 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусч байгаа. Барилга барих компанийн сонгон шалгаруулалтыг хийхдээ гадаад бонд гаргах байдлаар санхүүжилтийг шийдэхээр төлөвлөсөн. Бид одоо бонд гаргах ажлаа шат дараатайгаар хийж байна. Удахгүй Засгийн газарт танилцуулна.

Харин дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгож, 150 тэрбумаар нь хотын авто замыг засварлахад зарцуулна.

Бондын эргэн төлөлтийн хувьд хүндрэлтэй асуудал байхгүй. Бид жилд 77 тэрбум төгрөгийг Замын сангаас авна. Бид замын засварын 2025, 2026 оны ажлаа татаж, энэ онд хийнэ” гэв.

Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Цаашдаа нийслэл хотын хүн амын тэлэлт, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгын хүрээнд анхан шатандаа төсөв, эрх мэдэл, хүний  нөөцийг шийдэж өгье. Хорооноос иргэд төрийн үйлчилгээ авахаар очиход дээд шатандаа ханддаг нь иргэдийг бухимдуулж байна. Бид нийслэл, дүүргүүдийн Засаг дарга дээр төвлөрсөн эрх мэдлийг хороодод өгч, эрх зүйн шинэчлэлийг Үндсэн хуульд олгосон 2019 оны өөрчлөлтийн хүрээнд дүүргүүдийг хот болгож зохион байгуулна. Хот өөрөө зөвлөлтэй байна. Захирагчийг иргэд болон зөвлөлөөс сонгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Дор дороо асуудлаа шийддэг хот, нэгжүүд ажиллаж, хотын эдийн засгийг тэлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах боломж бүрдэнэ.

Мөн Төв аймагтай бүсчилсэн хөгжлийн интеграцид орж, үр шим хүртэх байдлаар хийнэ. Татварын болон татварын бус орлогуудыг 80/20 гэсэн зарчмаар Төв аймагтайгаа хувааж Шинэ Зуунмод хот гэх мэт дагуул хотыг хөгжүүлэх асуудлыг ярина. Шинэ дагуул хот 80 мянган ажлын байрыг бий болгоно. Санхүү, интертайнмент, бизнес, чөлөөт худалдааны төв, тээвэр ложистикийн төв хот байхаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг эхлүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газраас өгч, холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина” хэмээн ярилаа.