Монгол, Германы хооронд авто тээвэр хийх нөхцөл бүрджээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай" Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Уг хэлэлцээрт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад энэ оны хоёрдугаар сард айлчлах үеэр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулити нар гарын үсэг зурсан юм.

Энэхүү хэлэлцээр нь Европын улсууд болон бусад улстай байгуулсан хэлэлцээрүүдтэй харьцуулахад мэдээллийг хамгаалах, хэлэлцээрийг НҮБ-д бүртгүүлэх, Европын холбооны болон олон улсын хэмжээнд мөрддөг эрх зүйн бичиг баримтуудыг тусган оруулснаар онцлог давуу талтай болжээ. Хэлэлцээрийг байгуулснаар:

  • Монгол Улсын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэр хийх, Европын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болоод байна.
  • Хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрджээ.
  • Мөн хоёр улсын хооронд гадаад худалдаа өргөжнө.
  • Түүнчлэн Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлуудыг хөнгөвчлөх юм байна.

Уг хэлэлцээрт шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийн анхны ачаагүй аялал нь зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөхөөр заасан байна. Энэ нь Европын орнуудаас тээврийн хэрэгсэл худалдан авахад тээвэрлэлтийн зардал, хил, гаалийн хүндрэл, саатал буурч, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой болно.

Ташрамд дурдахад, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна.

Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа энэ хугацаанд амжилттай хөгжиж, иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэн бөгөөд энэхүү ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө хоёр тал хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 226 сая ам.долларт хүрсэн.

Германаас Монгол руу чиглэсэн импортын барааны ихэнх хувийг хүнсний бүтээгдэхүүн (19,3 хувь), химийн бодис, бүтээгдэхүүн (17,0 хувь), машин, тоног төхөөрөмж (13,6 хувь) автомашин, түүний эд анги (12,3 хувийг) эзэлж байна.

Монгол Улсаас Герман улс руу ихэнхдээ малын гаралтай түүхий эд (52,1 хувь), хувцас, оёмол эдлэл (39,0 хувь) экспортолж байна.