Цэрэг, цагдаа, хүчний байгууллагын харьяа анги, нэгтгэлүүдэд эмэгтэй салаан захирагч байдаг ч их биш.
Бид энэ удаа Онцгой байдлын амаргүй албанд ажилладаг нэгэн салаан захирагч эмэгтэйг онцолж байна. Тэр бол Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 18 дугаар ангийн салаан захирагч Б.Үүрийнтуяа юм. Дөнгөж 28-хан настай тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө 22-тойдоо тус ангид салаан захирагчаар томилогдон иржээ.
Хүссэн сургуульдаа орсон нь
Б.Үүрийнтуяагийн аав, ээж цэргийн хүн. Тэр утгаараа багаасаа эцэг, эхийнхээ нэгэн адил мөрдэстэй нэгэн болох мөрөөдөлтэй байжээ. Цэргийн хувцас л өмсөж байвал аль ч салбар байсан яах вэ гэх бодол түүний тархийг бүрэн эзэмдсэн гэдэг. Гэтэл 2009 онд өвөөгөө усны ослоор зүй бусаар алдсанаар Онцгой байдлын албан хаагч, аврагч болохоор эрс шийдсэнээ ярьсан юм. Түүнийг Онцгойгийн хүн болно гэхэд эцэг, эх нь их л дургүйцсэн нь мэдээж. Өөрсдөө цэргийн албан хаагчийн зовлон, жаргалыг мэддэг учраас бага охиноо хэцүү замаар явуулахыг хүсээгүй биз.
Ингээд дунд сургуулиа төгссөний дараа Улаанбаатар их сургуульд бүртгүүлээд явж байтал Хууль сахиулахын их сургуульд эмэгтэй сонсогч элсүүлж байгаа сургаар яваад очжээ. Улмаар бүртгүүлж, шалгалтад нь тэнцсэн байна. Энэ тухайгаа гэрийнхэндээ огт хэлээгүй байгаа юм. Хэрхэн хэлэх учраа олохгүй байсан хэрэг. Хувцасны хангалтаа авах үеэрээ ч аав, ээждээ “Эмээгийнд очлоо” хэмээн худал хэлсэн байна. Ингээд шөнөжин оочерлосны хувцсаа сая нэг авсны дараа маргааш нь шууд л яваад өгсөн аж. Энэ үеэр эцэг, эх нь хөдөө явсан байж таарав. Магадгүй ахлах дэслэгч Үүрээд боломж олдсон нь энэ байх. Тэрбээр хээрийн сургуулилалтад явахынхаа өмнө аав, ээждээ “Охин нь Хууль сахиулахын их сургуульд орсон. Одоо хээрийн сургуулилалтад явах болсон тул уулзаж амжсангүй. Охиноо уучлаарай” гэх утгатай захидал бичээд үлдээжээ. Хоёр, гурван хоног утас холбогдохгүй байсан охиндоо санаа зовсон эцэг, эх гэртээ ирэнгүүтээ захидал олж унших нь тэр. Дураараа, эрх охиныхоо гаргасан шийдвэрийг мэдээд аав, ээж шоконд орсон нь мэдээж. Тэр даруйдаа Төв аймгийн Баянчандмань сумыг зорьж, хээрийн сургуулилалт дээр нь очжээ. Ингээд дарга нартай нь ярилцахдаа “Манай гэрт цэргийн хүн хангалттай бий. Дахин цэргийн хүн байлгахгүй. Тэр тусмаа охин хүүхдийг энэ чиглэлээр явуулах хүсэлгүй” хэмээсний эцэст охиноо авч явахаар болжээ. Харин хүсэл мөрөөдөл нь болсон сургуульдаа тэнцсэн атлаа хэн тийм амархан бууж өгөхийг хүсэх вэ. Б.Үүрийнтуяа аав, ээжийнхээ шийдвэрээс эрс зөрж, уйлж дуулсны эцэст сургуульдаа үлдэж чаджээ.
Тэрбээр ярихдаа “Би бол гурван үе дамжсан цэргийн хүн. Миний өвөө, аав бүгд хилийн цэргийнх. Багаасаа цэргийн амьдралыг сайн мэдэх учраас мөрдэстэй хүн болно гэх бодол л миний толгойд байсан. Өөр мэргэжлийн тухай огт бодож байгаагүй” гэв. Уйлж, унжсаныхаа ачаар эцэг, эхээсээ зөвшөөрөл авч чадсан тэр бөөн баяр болжээ. Харин аав нь “За яах вэ. Чи өөрөө л шийд. Юу сайхан дур сайхан. Гэхдээ чи ачааллыг нь даахгүй ээ. Нэгдүгээр дамжаанаасаа л хасагдана” гэсэн нь түүний хор шарыг хөдөлгөсөн гэх. Ингээд хээрийн сургуулилалт дуусаж, хичээлийн шинэ жил албан ёсоор эхлэв. Тэр өөрөө зорьсон учраас хэзээ ч шантарч байгаагүй гэнэ. Улаанбаатарын баруун захаас зүүн зах хүртэл явахдаа Үүрээ өглөө 05:00 цагт босож, шөнө 22:00 цагт гэртээ ирдэг байжээ. Өдөр бүр таван шараас ботаник хүртэл автобусаар явна гэдэг амар биш. Ядарна, залхана. Харин тэр эсрэгээрээ. Улам л эрч хүч нь ундраад байсан тухайгаа ярилаа. Тэгвэл өнөөдөр түүний хамгийн сайн дэмжигч нь аав, ээж, нөхөр. Аав нь хэлэхдээ “Чиний амьдрал одоо л зөв замдаа орж байна. Эмэгтэй хүн салаан дарга хийх амархан биш. Аав, ээж нь охиноороо бахархаж байна. Тэр тусмаа авардаг, тусалдаг албанд салаан захирагч хийж байгаа нь бахархалтай” гэдэг болжээ.
Ажлын гараа
Үргэлж цаг хугацаатай уралдаж, бусдын насыг хамгаалахын тулд өөрийгөө золиослох шахам зүтгэнэ. Ялангуяа эмэгтэй гал сөнөөгч, гал унтраах ангийн эмэгтэй салаан захирагч гэхээр ийм хүнд хүчир албыг яаж хашдаг байна аа гэх сониуч бодол хүн бүрд төрдөг. Эмэгтэй салаан захирагчдын ихэнх нь хэн нэгний ятгалгаар бус өөрөө дурлаж энэхүү мэргэжлийн сонгосон байдаг ажээ. Тэрбээр дипломоо гардан авсан анхны өдрөө л шууд анги дээрээ ирсэн байна. Улмаар салаагаа удирдан анхны дуудлагадаа гарах хариуцлагатай бөгөөд халширмаар үүрэгтэй шууд нүүр тулснаа ийн ярилаа. “Тэр үед үнэхээр хэцүү байсан. Яг юу хийхээ мэдэхгүй, салааныхаа хүмүүсийг удирдах учраа олохгүй мунгинаж явлаа. Ядахад хөөсөнцөрийн үйлдвэрт гал гарч таарсан. Нэлээд том хэмжээний гал. Тухайн үед манай хэлтсийн дарга Б.Батмөнх хурандаа “Ерөөсөө сандарч болохгүй” гэж хэлээд, надад зөвлөсний хүчинд анхны дуудлагаа амжилттай давсан. Гэхдээ л үнэхээр хэцүү байсан шүү. Холоос тас хар утаа суунаглаад л, улаан гал дүрэлзэх нь сүрдмээр. Энэ дуудлагыг би хэзээ ч мартахгүй” хэмээв.
Үргэлжлүүлэн ярихдаа “Анх салаан захирагч болсноо мэдээд их айсан. Тэгээд анги дээрээ иртэл аав шиг минь хүмүүс намайг маш халуун дотноор хүлээн авсан юм. Ажил дээрээ дарга, цэрэг ажлаас гарахдаа найз нөхөд, ах дүүс шиг байдаг. Хуучны ахлагч нар, хэлтсийн дарга нарынхаа хүчинд би өдий зэрэгтэй яваа гэж боддог” гэв. Эмэгтэй, залуу хүн өөрөөсөө ах хүмүүсийг удирдана гэдэг амар биш. Харин Б.Үүрийнтуяагийн хувьд цэргийн хүрээлэлд өссөн, хань нь цэргийн хүн учраас ажиллахад хялбар байжээ. Тэр өнөөдөр мэргэжлээ хэдийнэ гартаа оруулсан, салааныхаа цэргүүдэд хүндлэгдсэн, галынхаа дүгнэлтийг шуурхай хийчихдэг мэргэжилтэн болсон байна. Түүнийг анх ангидаа ирэхэд алба хаагчид нь өрөөгөө цэвэрлэж, үнэртээ ус цацан, өрөөндөө эмх замбараатай байсан нь гүн сэтгэгдэл төрүүлжээ. Үүрээ ирснээр 18 дугаар ангийн нэгдүгээр салааныхан эрс өөрчлөгдөж цэвэрч нямбай, эмх цэгцтэй байдлыг эрхэмлэх болсон гэвэл үнэнээс хол зөрөхгүй ээ.
Заставт өнгөрүүлсэн хоёр жил
Б.Үүрийнтуяа цаанаасаа л нэг цэргийн хүмүүжил, цэргийн гэр бүлд амьдрах заяа төөрөгтэй юм шиг. Заяаны хань нь хүртэл цэргийн мэргэжилтэн байж таарав. Түүний нөхөр нь ОХУ-д таван жил суралцаж, төгсөөд 2021 онд эх орондоо иржээ. Улмаар тус оноос эхлэн гэр бүлийн хамт Булган аймгийн Тэшиг сумын застав дээр хоёр жил амьдарсан байх юм. Бас л сонирхолтой түүх. Б.Үүрийнтуяа Онцгойгийн албанаас түр чөлөө авч, хүүхдээ харангаа хилийн цэргийн амьдралтай, тэр тусмаа заставын амьдралтай танилцах шийдвэр гаргажээ. Цэргийн хүн түс тас шийдвэртэй учраас Булганы Тэшигт хоёр жил амьдрахдаа огт эргэлзээгүй гэнэ. Түүний гэр бүлийн хүн нь өдгөө Налайх дүүрэг дэх Хилийн цэргийн 303-р тусгай ангид алба хашдаг байна.
Заставт хоёр жил амьдарсан тухайгаа “Би заставын ч, онцгойгийн ч амьдралыг мэднэ. Багадаа аавыгаа дагаж явдаг байсан учраас бага зэрэг гадарладаг байлаа. Яг өөрөө насанд хүрсэн хойноо гэргийн үүрэг гүйцэтгэж очиж маш том хариуцлага хүлээдэг юм билээ. Нөхөр маань заставын дарга байсан. Тэр утгаараа заставын даргын эхнэр гэдэг нэр хүндийг зөв авч явахын тулд асар их үүрэг, хариуцлага хүлээсэн. Дөнгөж 25 настай эмэгтэй “Даргын эхнэр” гэх нэр зүүх эхэндээ төвөгтэй байлаа. Заставт амьдарч байгаа 30 гаруй хүнд зөв үлгэр дуурайлал үзүүлж, үйлдлээрээ гэр бүлийнхээ нэр хүндийг өргөх гэж хичээж амьдарсан хоёр жил болж өнгөрсөн дөө. Гэхдээ маш сонирхолтой, адал явдалтай хоёр жил байсан. Хүмүүс заставт очих дургүй байдаг юм билээ. Харин би бол заставын амьдралаар, тэнд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсээр бахархаад ирсэн. Тэнд тоггүй, сүлжээгүй, амьдралыг бүрэн утгаар нь мэдрээд ирсэндээ маш их баярлаж байна. Ханийн минь ажил ямар бахархмаар юм бэ гэдгийг тэр үед мэдэрсэн. Хилчид маань онцгой хүмүүс юм аа гэдгийг хоёр жил тэдэнтэйгээ жаргал, зовлонгоо хуваалцахдаа мэдэрсэн” хэмээн ярилаа.
Шинэ үеийн шижигнэсэн гал сөнөөгчид
Үүрээг анх 18 дугаар ангид ирэхэд дан ах нар угтаж авч байсан гэдэг. Харин 2021 онд хүүхдээ харах, өсгөх чөлөөгөө авснаас хойш хоёр жилийн дараа буюу 2024 оны нэгдүгээр сард албандаа эргэн ирэхэд түүний алба, салаа эрс шинэчлэгдсэн байжээ. Түүнийг тосон авч байсан ах нар нь тэтгэвэртээ гарч, дөнгөж 20 гаруй насны шинэ залуусаар “цус сэлбэсэн” байх нь тэр. Хоёр жил ажлаасаа хол байсан түүнд ангиа, салааны аврагчдаа санах үе бишгүй гарна. Нэг хэсэг асар их стресстэж, ажилдаа бушуухан орохын хүслэн болсон тухайгаа ч тэр хүүрнэлээ. Ингээд хоёр жилийн чөлөө нь дуусаж өнгөрсөн нэгдүгээр сард албандаа ирэхэд сэтгэл нь их хөдөлсөн гэнэ билээ. Энэ тухай “Ангийн хаалгаа ороод ирэнгүүт шинэ алба хаагч нар танихгүй, гайхах маягтай. Харин хуучны хэд маань “Дарга ирж байхад хаалгаа нээгээч” гээд л их гоё хүлээж авсан. Өмнөх үйл явдлууд маань нүдэнд тод харагдаад үнэхээр сайхан байсан. Хамт олноо харж гүнзгий амьсгаа авч тайвширсан даа. Албандаа эргэн ирсэн анхны өдрөө галын дуудлагад явахад зүрх огшоод, цаанаасаа л нэг оргилуун байсан. Энэ нь миний мэргэжилдээ хэр дуртай, хайртайг илтгэх болов уу. Эрчүүд дунд ажиллахад их гоё мэдрэмж авдаг. Эрэгтэйчүүд чинь яг хүүхэд шиг шүү дээ. Эрч хүч бэлэглэдэг” хэмээн их л баясгалантай ярихыг нь сонсохоор мэргэжлээрээ “өвчилсөн” хүн шиг. Тэр мэргэжилдээ дэндүү дурласан нь үүнээс харагдана.
Эмэгтэй гал сөнөөгчийн зовлон
Тэр мэргэжилдээ дэндүү хайртай. Гэхдээ эмэгтэй л хүн юм хойно эмзэглэх асуудал бишгүй тохиолдоно. Галын дуудлагад очих бүрд эд хөрөнгөө галд алдаж буй хүмүүсийг хараад өөрийн эрхгүй зүрх нь шимширдэг аж. Юу хэлэхээ мэдэхгүй, нууцхан нулимс унагаж байсан тохиолдол ч байсан гэнэ. Галын дүгнэлтээ гаргахын тулд тухайн иргэнээс байцаалт авч таарна. Тэр үед юу гэж асуух, хэрхэн харьцах зэргээ сайтар бодож, тунгаадаг аж. Б.Үүрийнтуяа ярихдаа “Галын дуудлага авангуут л нэн түрүүнд хүний амь нас бүү эрсдээсэй. Бага хохирол амсаасай гэж бодож, залбирдаг. Замын турш залбирч явсаар обьект дээрээ очно. Галаа унтраасны дараа хохирол бага гарсан байвал баярлана. Таван ханатай гэр шатах хэцүү шүү дээ. Маш богино хугацаанд шатдаг. Гэрээ шатаалгасан хүн яаж тайван байх вэ дээ. Та нар удаан ирснээс болж гэр минь шатлаа гээд л элдэв ааш гаргана. Тэр бүхнийг нь тэвчих хэрэгтэй болно. Хотод түгжрэлээс эхлээд орц, гарц чөлөөтэй биш гэх мэтээр маш их төвөгтэй. Энэ бүхнээс шалтгаалаад бага зэрэг удаашрах тохиолдол ч бий. Гэхдээ л бид хамгийн хурднаараа очдог. Гал, усны аюулыг бага гэж басаж болохгүй” гэв.
Үүрээ цааш ярихдаа “Он гарснаас хойш мөрдэс нэгтэй нөхөд минь албан үүргээ гүйцэтгэж яваад ойр ойрхон амь эрсэдлээ. Энэ бүхэн надад маш хүнд туссан. Эмэгтэй хүн, ээж хүн гэдэг утгаараа зүрш шимширдэг. Одоо ч би тэдний тухай боддог. Тиймээс гал сөнөөгчдийнхөө аюулгүй байдлыг нэн түрүүнд хангуулдаг. Ахлагч нараа хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар хангахыг шаардана. Хүний эд хөрөнгийг хамгаалахын тулд халуун гал руу орж байгаа учраас өөрийнхөө аюулгүй байдлыг нэн түрүүнд хангах ёстой. Маргааш ирнэ ээ гэж ажилдаа гараад гэртээ харихгүйгээр үүрд явмааргүй байна шүү дээ. Сая ойрхон болоод өнгөрсөн явлуудаас болоод ар гэрийнхэн минь тайван бус болж эхэлж байна. Ээлжинд гарахад ээж минь өдөрт 10, 20 залгах жишээний. Утсаар ярьсны дараа “Одоо л тайвширч байна. Ээж нь унтъя даа” гэх маягаар өдөр хоногууд өнгөрч байна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлаа нэн түрүүнд хангахыг алба хаагчдаасаа шаардах нь зүйн хэрэг” хэмээлээ.
Нэг хүнд нэг хувцас
Гал сөнөөгчдөд тохиолдсон золгүй явлуудлын араас сошиалд багагүй шүүмжлэл өрнөсөн. Гурван хүний дунд нэг аврах баг байдаг, гал сөнөөгчид урагдсан хувцсаа өөрөө оёж, төлбөрөө төлдөг гэх мэтээр. Энэ бүхнийг Үүрээ няцааж байна. “Яагаад ч ийм байх боломжгүй шүү дээ. Нэг хүн нэг л хувцас өмсөнө. Үүргээд дуусгаж, ээлжнээс буусны дараа түүнийгээ шүүгээндээ хийнэ. Ээлжинд гарахдаа дахиад л тэр хувцсаа өмсөнө. Хүн бүрд баг байна. Та өмсөж буй хувцсаа өөрөө угаах нь угаасаа үүрэг. Миний хувцсыг хэн ч угааж өгөхгүй. Өөрөө л угааж, индүүдээд өмсөнө. Энэ бол зарчим. Түүнээс биш баг нь эвдэрвэл засварчин засаад өгнө. Хувцас муудаж, урагдвал хангалтаар дахиад л шинийг өгдөг. Ер нь хоёр жилд нэг удаа шинэчилдэг. Ийм зарчмаар л явж ирсэн. Шинэ ажилтан шинэ хувцас авна. Намайг Онцгой байдлын албанд ажиллах зургаан жилийн хугацаанд хувцсаа дундаа өмсөж, багаа ээлжилж зүүдэг тохиолдол лав гарч байгаагүй. Би бүр сонсоо ч үгүй. Тиймээс мэдэхгүй зүйлийнхээ төлөө мэддэг юм шиг ярьмааргүй байгаа юм. Манай монголчууд заримдаа хэтэрхий ихийг мэдээд байх шиг” хэмээн ярьж сууна. Гал сөнөөгчийн иж бүрэн хувцас 10 кг орчим жинтэй. Эмэгтэй хүн ийм хүнд хувцас өмсөнө гэдэг амар биш. Тэрбээр анх албанд ирэхдээ галын хувцсаа өмсөх гэж ёстой л хөглөж байжээ. Энэ тухай “Анх ирэхдээ хувцсаа зөв өмсөж чадахгүй их хөглөдөг байлаа. Нэг их хүнд хувцсандаа дийлдэж ядаад машиндаа сууж чадахгүй араасаа өргүүлдэг байсан шүү. Одоо бол мэргэжлийн болсон. Мэргэжлээ гартаа оруулна гэдэг л энэ байх. Хэдхэн секундэд л хувцсаа өмсдөг” гэж ярилаа.
Тэрбээр ажлаа эхлээд хамгийн түрүүнд соёмбондоо мөргөдөг аж. Тэр мөрдэстээ баярлаж, онцгой байдлын албаараа бахархдаг гэнэ. Бас бусдын ташаа мэдээлэлд автахгүй байхыг энэ сурвалжлагаар дамжуулан хэлэхийг хүссэн юм. Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын алба үүсэж хөгжсөний 20 жилийн ой тохиож байна. Гал, усны аюул, байгалийн гамшигт явдал тохиолдоход хамгийн түрүүнд Онцгойгийнхон үүрэг гүйцэтгэдэг. Тэд баярлах эрхтэй.
Тиймээс 20 жилийн ойг тохиолдуулан эмэгтэй алба хаагчийг онцолсон минь энэ. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 18 дугаар ангийн салаан захирагч Б.Үүрийнтуяа сурвалжлагын төгсөлд “Онцгой байдлын нийт албан хаагчдадаа 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн 18 дугаар ангийн хамт олондоо баярын мэнд хүргэе. Надад үргэлж тусалж, намайг дэмжин, зөвлөдөг та нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та нар минь энэ цагийн эгэл баатрууд шүү. Миний сонголтыг ойлгож, Онцгойгийн мэргэжилтэн болохыг зөвшөөрсөн эцэг, эхдээ баярлалаа” хэмээн уламжилсаныг энэ сурвалжлагаараа дамжуулан хүргэе.