Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлэв.
Мэдээллийн үеэр Туул гол нийслэлд ингэж үерлэсэн тохиолдол байхгүйг албаныхан онцоллоо. Хамгийн сүүлд 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшинг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн гэдгийг дурдав. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар голын түвшин 267 см болж татарчээ. Нийт 211 удаагийн дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын болон мэргэжлийн байгууллагын 1118 албан хаагч, 121 автомашинтай шуурхай ажилласан байна.
Хэвлэлийн хурлын үеэр хотын менежер Ц.Төрхүү ярихдаа, “Сэлбэ голын инженерийн байгууламж дотор байгаа бургас, лагийг зөөж байна. Энэ ажлыг нэгдүгээр сарын 5-наас хийж эхэлсэн. Нийслэлд 1966 оноос хойш Сэлбэ гол дагуух даланг байгуулсан. Нийт 24 км даланг байгуулж, гар хийцлэлээр хийсэн. Бид энэ жил 1.5 км төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Иргэд гол дагуух бургасыг тайрч сүйтгэж байна гэж шүүмжилдэг. Ер нь инженерийн байгууламж буюу далан дотор мод бут сөөг байх ёсгүй. Хууль журамдаа ч тэгж заасан байдаг. Нийт 30 дүгнэлт гарч, шинжлэх ухааны үндсэн дээр энэ ажлыг хийж байгаа. Бургас мод усны урсацыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг” гэв.
Геодези, усны барилга байгууламжийн газраас өнгөрсөн дөрвөн жилд 33 томоохон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ хийжээ. Харин 1.2 километр үерийн далан, байгууламж шинээр барьсан байна. Энэ жилийн хувьд 12 ус зайлуулах шугам сүлжээ барихаас зургааг нь ашиглалтад оруулсан аж. Үлдсэнийг нь наадмаас өмнө дуусгана гэдгийг онцоллоо. Улаанбаатарт 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй байдаг. Түүнчлэн нийт 68 мянган тонн лаг шавар зөөж цэвэрлэхээр төлөвлөснөөс 30 мянгыг нь зөөвөрлөсөн байна.