Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо болон“Монгол оллэ” нийгэмлэг хамтран 8 дугаар сарын 23,24,25-нд "Улаанбаатар явган алхалтын фестиваль 2024" арга хэмжээг зохион байгуулна. Фестивальд оролцохоор Англи, Герман, АНУ, Тайвань, Филиппин, Чех, ОХУ, Австрали, Казахстан, Япон, БНСУ зэрэг улсын 120 гаран явган алхагч хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 400 гаруй явган алхагч бүртгүүлээд байна.
Оролцогчид:
- 8-р сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут
- 8-р сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут,
- 8-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу “Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас - Скай ресорт” цанын бааз гэсэн маршрутаар тус тус алхахаар төлөвлөж байна.
Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль анх удаа Хот доторх алхалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлийн улс орнуудад энэ төрлийн алхалт, олон улсын фестивалиуд өргөн дэлгэрсэн байдаг. Тухайлбал, Токио хотын Олон улсын явган алхалтын фестиваль, Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотын олон улсын фестиваль, БНХАУ-ын Бээжин хотын явган алхалтын фестиваль гэх мэт Монголын явган алхагчдын өргөнөөр оролцдог аж.
Фестивальд оролцсоноор Улаанбаатар хот болон Горхи тэрэлжийн байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийн, олон орны хүмүүстэй танилцаж, Монгол улсынхаа өв соёлыг сурталчлан нөхөрлөлийн хүрээгээ тэлэх сайхан боломжууд бүрдэж байна.