“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд явуулж байсан элэгний С вирусын шинжилгээг үргэлжлүүлэн явуулж эхэлсэн талаар ЭМНДЕГ-аас мэдээлэв.
Хүн амын дунд зонхилон тохиолдож буй элэгний өвчлөл, хавдар, нас баралтыг бууруулах зорилгоор Засгийн Газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдийн элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох зориулалтаар 4.9 тэрбум төгрөг төсөвлөж, 30 мянган иргэний шинжилгээний зардлын төлбөрийг санхүүжүүлэхээр тооцон энэ оны Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын төсөвт тусгасан юм. Энэ оны долдугаар сарын 27-ны өдрийн байдлаар уг шинжилгээнд 34 мянга гаруй даатгуулагч хамрагдаж, батлагдсан төсөв хүрэлцэхгүй нөхцөл үүссэн тул шинжилгээг түр хугацаанд зогсоогоод байсан юм.
Тиймээс тус газраас Сангийн яаманд хүсэлт хүргүүлж, 2 тэрбум төгрөгийн тодотгол хийлгэснээр С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг үргэлжлүүлэх болжээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор нэг даатгуулагчийн шинжилгээнд хамруулах зардлыг 80-120 мянган төгрөг байхаар тогтоосон юм. Тиймээс дээрх 2 тэрбум төгрөгөөр 12.5 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах боломж бүрдэж байгаа аж.
Иргэд /http://www.ndaatgal.mn/v3/ жагсаалтад орсон С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий 201 эмчид үзүүлж шинжилгээний бичиг авах бөгөөд http://www.ndaatgal.mn/v4 цахим хуудас дахь 21 лабораторийн аль нэгэнд очиж шинжилгээгээ өгөх юм.