Ж.Батзандан:Вьетнам улс монголын олон залуусыг Засгийн газрынхаа тэтгэлгээр сургаж байгаад талархаж байна

Уулзалтын үеэр хоёр орны хооронд худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Хатагтай Доан Тхи Хыөнг хоёр сарын өмнө албаа хүлээж авсан бөгөөд энэ хугацаанд УИХ-ын намрын чуулганы нээлтийг үзэж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох түүхэн үйл явдлын гэрч болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ Вьетнамчууд Монгол руу бүх төрлийн будаа, кофе экспортлох сонирхолтой байгаа ч усан замаар тээвэр хийхэд 40-45 хоног зарцуулагдаж байгаа тул БНВУ, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан гурван талт хэлэлцээр хийж, агаарын болон төмөр замын ачаа тээвэрлэлтийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн бизнесийн салбарт, нэн ялангуяа барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхол байгаа ч татвар өндөр байгааг хэлж байв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Вьетнам улс монголын олон залуусыг Засгийн газрынхаа тэтгэлгээр сургаж байгаад талархаж буйгаа илэрхийлж, “Манай хоёр орон БНХАУ гэж том гүрэнтэй хиллэдэг, гадаад худалдааны дийлэнх нь энэ улстай хийгддэг. Иймд хоёр орны хоорондын худалдааг ч мөн хөгжүүлэх боломжтой. Ялангуяа дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг монголоос вьетнам руу экспортлоход онцгой анхаарч байгаа” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Мөн “Вьетнамчууд бол маш хөдөлмөрч ард түмэн, хямд төсөр зүйлээр олон сайн зүйл хийж чаддаг. Тухайлбал, чулуун урлалыг гойд хөгжүүлсэн байдаг. Хоёр жилийн өмнө Вьетнамд зохион байгуулагдсан Олон улсын парламентын чуулганд оролцохдоо Вьетнамын кофе үнэхээр амттай гэдгийг мөн мэдэрсэн” гэлээ.

Уулзалтаар Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх талаар хоёр талаас олон сонирхолтой санал санаачилга гаргаж, цаашид ажил хэрэг болгохоор тохирсон юм.