Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс төр засгаас тус салбарын хамт олны шаардлагад хариу ирүүлэхгүй бол эрхийнхээ дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх хүсэлт, шаардлага гаргасан ч шийдэлд хүрээгүй учраас лхагва гарагт 21 аймгаас эмч, эмнэлгийн ажилтнууд нийслэлд ирж, жагсаал хийсэн. Харин үүнийг нь улстөржүүлж байгаад тэд бухимдаж байгаагаа илэрхийлж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шуурхай мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Мягмар: “Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа ч 434-660 мянган төгрөгийн цалин авч байна. Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт цалин нэмэх талаар удаа дараа шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гарсангүй. Энэ оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээрээр цалин нэмэх асуудлыг тусгахаар болсон билээ.
Гэвч Засгийн газраас энэ нэмэлт хэлэлцээрийг зөрчин 2018 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барихдаа цалин, тэтгэврийг нэмэх талаар нэг ч үг, өгүүлбэр оруулаагүй байна. Бидний шаардлагын хариуг энэ сарын 11-ны дотор Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг хүсч байна.
Хариу ирэхгүй бол эрхийнхээ дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт зарлаж хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.