УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.17/ хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүн, 2017 оны төсвийн тодотголтой холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
Ж.Батзандан: Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжих боломжгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөх санал хүргүүлсэн. Бүх сайд нарыг "давхар дээл"-тэй УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн олон заалтыг зөрчиж байгааг сануулсан. Өнөөдрийн энэ Засгийн газрын "давхар дээл"-тэй томилгоо нь Үндсэн хуулийн 4.1.2, 4.1.3 гээд олон зүйл заалтыг зөрчиж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Сангийн сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг хүлээн авч дэмжих боломжгүй гэдэг байр сууриа зөвшилцөх бичигт хүргүүлсэн. Тэрбээр уул уурхайн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдож байсан хүнийг Сангийн сайдад дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн энэхүү саналыг дэмжиж байгаа. Түүнчлэн МАН мөрийн хөтөлбөртөө "давхар дээл"-ээс татгалзана гэж амлалт өгч байсан. Гэтэл эрх баригч нам Үндсэн хуулийг зөрчихөөс гадна ард түмэнд өгсөн амлалтаа зөрчиж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, санал хүргүүлсэн. Үндсэн чиг үүргийн сайдууд нь "давхар дээл"-тэй байж болно. Харин бусад сайд нараа гаднаас мэргэжлийн хүмүүсээс сонгож оруулж ирээрэй гэдэг саналыг хүргүүлсэн. Гэтэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн саналыг хүлээж авсангүй. Тиймээс ашиг сонирхолын зөрчилтэй, Үндсэн хуулийн суурь үзэл санааг зөрчсөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ардчилсан намын бүлэг дэмжих боломжгүй гэдгээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ж.Батзандан хэлсэн юм.
Б.Пүрэвдорж: Түүхэнд байхгүй алдагдалтай төсөв оруулж ирлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ удаагийн төсвийн тодотголоор улсын төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьд хүргэж, нийтдээ 2.7 их наядаар оруулж ирлээ. Энэ бол түүхэнд байгаагүй өндөр алдагдал гэж тооцогдож байгаа. Манай баялаг бүтээгчид нийтдээ нэг их наяд төгрөгөөр төсвийн орлогыг давуулан биелүүлэхээр зураг гарч байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар аль хэдийн 800 тэрбум төгрөгөөр давсан. Энэ орлого нь ихэнхдээ уул уурхай болон НӨАТ-ын урамшуулалтай холбоотой хуулийн дагуу далд орлого ил болсоны илрэл болж 300 орчим тэрбум төгрөгөөр НӨАТ-ын орлого давуулан биелэгдээд байгаа. Баялаг бүтээгчид маш их хөдөлмөрлөж байж татвар төлдөг. Гэтэл буцаагаад, Засгийн газрын сайд нар түүнийг үр ашиггүй зардалд нийтдээ 500 орчим тэрбум төгрөгөөр төсвийн зарлагыг нэмэгдүүлж оруулж ирж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг эс тооцвол 400 орчим тэрбум төгрөгөөр улсын төсвийн зарлага үр ашиггүй байна гэж үзэж байна. Он гараад зайлшгүй төлөх өрийн асуудал байгаа. Тиймээс төсвийн давсан орлогыг хуримтлуулж байгаад, өр төлөх нь илүү үр дүнтэй. Энэ байдлаараа бид төсвийн зардлаа нэмэгдүүлээд яваад байвал ирэх жилийн бондын төлбөрийг дахин бонд босгож төлөхөөс өөр аргагүй болно. Өрийг өрөөр дарахаар Монгол Улсын нэр хүнд олон улсын санхүүгийн зах зээл дээр унана.
Төсвийн зарлага 250 орчим тэрбум төгрөгөөр сайд нарын зардал нэмэгдсэн. Харин 140 тэрбум төгрөгөөр 27 шинэ арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байна. Өвлийн хүйтэн болчихсон байхад одоо шинэ бүтээн байгуулалт хийх ямар ч цаг хугацаа байхгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн тодотголын асуудлаар завсарлага авахдаа төрийн албан хаагчийн, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлага тавьсан байгаа. Гэтэл төсвийн тодотголд ямар нэгэн өөрчлөлт оруулж ирээгүй байна. Тиймээс бид байнгын хорооны хурал дээр зарчмын зөрүүтэй санал гаргах зарчмаар улсын төсвийн тодотголыг нэлээд сайжруулахаар ажиллах болно” гэсэн юм.