Улсын хэлэлцээрийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1999 оноос хойш нийгмийн зөвшлийн талууд Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хоёр жил тутамд байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн.
Түүнчлэн Боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа зэргээс үүдэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газарт асуудал оруулж нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг хийхээр болж нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг батлуулсан.
Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхзул, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар гишүүнээр оролцож байна. Нэмэлт хэлэлцээ хийхэд Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зэрэг байр суурийг баримтлах юм.
Хэлэлцээний эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “2014 онд Монгол Улсад ядуурлын түвшинд 640 мянган иргэн байсан бол 2016 онд 904 мянга болж, хүрээгээ тэлсэн байна. Тиймээс хүн амын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт тулгамдсан асуудал болоод байгаа юм. “Төрийн албан хаагчийн дундаж цалин хувийн хэвшлийн ижил албан тушаалын цалингаас 5 болон түүнээс доогуур байвал цалин нэмэх арга хэмжээ авна” гэсэн заалт Төрийн албаны тухай хуульд бий. Гэтэл өнөөдөр цалингийн зөрүү 27.3 хувьд хүрсэн байна.
Тиймээс Засгийн газар МҮЭХ-ны шаардлагыг хүлээн авч, нэмэлт хэлэлцээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газраас төрийн албан хаагчийн орлогыг нэмэх, үйлчилгээний албан хаагчдад шинэ төрлийн нэмэгдэл цалин олгодог байх, нийгмийн даатгалын болоод халамж, хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэх, бага насны хүүхдээ хараад ажилгүй байгаа ээжүүдэд тэтгэмж олгодог байх зэрэг олон асуудлыг өнөөдрийн хэлэлцээгээр хөндөж, МҮЭХ болон МАОЭНХ-ны удирдлагуудтай санал солилцоно.
Ялангуяа Ажилгүйдлын даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгох, ажлаасаа халагдсан иргэдэд нэмэлт ур чадвар олгох, шинэ мэргэжил эзэмшүүлэх чиглэлд хамтран ажиллах нь зөв гэж үзэж байгаа. Төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Одоогийн мөрдөж байгаа цалингийн тогтолцоо 1995 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин цалин хөлсийг ажлын ачаалал, үр дүн, ур чадварт тулгуурлан ялгаатай олгодог тогтолцоонд шилжих цаг болсон. Энэ ажил эрүүл мэндийн салбарт эхэлсэн. Харин боловсролын салбарт харьцангуй хоцрогдолтой байгаа.
Гэхдээ улс орны эдийн засаг хүндрэлтэй байна. Ирэх оны нэгдүгээр сард бид Чингис бондын 500 сая ам.долларын өр төлнө. Өмнөх Засгийн газар ОУВС-тай гэрээ байгуулахдаа 2017-2018 онд төрийн албан хаагчийн цалинг нэмэхгүй байхаар заасан. Нэгэнт Засгийн газар гэрээ байгуулсан тул энэ гэрээг зөрчихгүйгээр асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх ёстой. Засгийн газар энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Энэ үед нэмэлт хэлэлцээг эхлүүлж байгаа нь туйлын чухал” гэлээ.