Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн тавдугаар сард Засгийн газарт нэмэлт хэлэлцээ хийх шаардлага тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл ахиц гаралгүй эцэстээ багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж жагсаал цуглаан хийж, ажил хаялт ч зохион байгуулаад эхэлсэн. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц олохын тулд нийгмийн зөвшлийн талууд нэн яаралтай хэлэлцээг эхлэх ёстой хэмээн үзсэн шинэ Засгийн газар нэмэлт хэлэлцээг товлож, уг хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүн, баримтлах чиглэлийг анхны хуралдаанаараа баталсан билээ.
Энэ дагуу Нийгмийн зөвшлийн талууд буюу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос томилогдсон төлөөлөл уг хэлэлцээнд оролцож өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан улсын хэлэлцээрт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралын үед амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцээний ширээний ард суусан юм.
Үдээс өмнө 11:00 цагт эхэлсэн хэлэлцээ 16:00 цагт хүртэл үргэлжлээд хэлэлцэж буй асуудлуудаар талууд үндсэндээ нэгээс бусад дээр нь тохиролцож өөрөө хэлбэл, бүрэн санал нэгдэжчадсанаар хэлэлцээний эхний өдрийн хуралдаанаа завсарлууллаа.
Нэмэлт хэлэлцээний талаар Засгийн газрын төлөөллийг ахалж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм.
-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас улсын хэлэлцээрт гурван асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах санал тавиад байгаа. Эхнийх нь хэлэлцээрийн 2.4-т заасан бүх төрлийн татварыг нэмэхдээ үйлдвэрчний болон эздийн байгууллагын саналыг авч байх. Хоёр дахь нь 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх. Гурав дахь нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх. Ийм гурван чиглэлээр хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардсан.
Татварыг нэмэхдээ нийгмийн түншүүдтэйгээ зөвшилцөөгүй гэдэг шүүмжлэл өнөөдөр Засгийн газарт ирж байна. Бид цаашдаа татвар нэмэхтэй холбоотой асуудал гарвал Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон нийгмийн түншлэлдээ хүндэтгэлтэй хандаж байх ёстой гэдгийг хэлэлцээний үеэр илэрхийллээ.
Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ энэ нь төсвийн орлого бодитойгоор нэмэгдэх боломжоос ихээхэн хамаарч байгаа юм. Мөн Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх гэрээ байгуулчихсан учраас олон улсын байгууллагатай хийсэн гэрээг зөрчихгүйгээр цалинг яаж нэмэх вэ гэсэн асуудал бий.
Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банк Үндэсний статистикийн хороотой хамтраад ядуурлын судалгааны дүнг танилцуулсан. Энэ судалгаагаар 2014 онд ядуурлын түвшин 21 хувь байсан бол 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 26.9 хувь болж 904 мянган хүн ядуурлын түвшинд амьдарч байна гэсэн дүгнэлт гараад байна. Энэ бол иргэдийн орлогын түвшинг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Түүнээс гадна Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдын дундаж цалин хувийн хэвшилд ажиллагсдын дундаж цалингийн зөрүү 5,0 хувиас илүү гарсан тохиолдолд цалин нэмэхээр заасан байдаг. Одоогийн байдлаар энэ зөрүү 27.3 хувьд хүрчихсэн байгаа. Энэ мэт олон нөхцөл байдлаас Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тиймээс Засгийн газар ойрын өдрүүдэд ОУВС-тай хэлэлцээ хийж тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОУВС-гийнхантай уулзаж төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дээр байр сууринд нэгдсэнээр 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр болсон тухай хэлэлцээнд оролцож буй хоёр талдаа танилцуулсан.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэдийгээр шаардсан хэмжээнд хүрэхгүй байгаа ч гэсэн тодорхой ахиц дэвшил гаргаж байна хэмээн талархал илэрхийлээд төсвийн тодотголоор шийдэх энэ мөнгийг төрийн үйлчилгээний байгууллагын 130 гаруй мянган хүнийг хамруулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн. Бид ч үүнтэй санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх, прокурорынхон, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас доош бүх төрийн албан хаагчдын орлогыг энэ 55.4 тэрбум төгрөгт багтаах санал тавьсан.
Засгийн газраас амьжиргааны түвшингөөс доогуур орлоготой иргэдийг дэмжих зорилгоор 2017 оны төсвийн тодотголд 8,0 тэрбум төгрөгийг нэмж суулгаж байгаа. Энэ дэмжлэгийг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 250 мянган иргэнд олгохоор тооцоолсон.
Хүүхдийн мөнгийг өгөх зорилгоор бид 104.5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгуулахаар ярьж байна. Энэ батлагдах юм бол наймдугаар сараас хойш зогсоод байсан хүүхдийн мөнгийг он дуустал 100 хувь олгох боломж бүрдэх юм.
Өнөөдөр ОУВС-гийнхантай дахин уулзаж 2018 онд иргэдийн цалин, бодит орлогыг ямар хэмжээгээр нэмэгдүүлэх чиглэлээр ярилцах бөгөөд энд шийдэгдсэн асуудлаар бид нэмэлт хэлэлцээгээ үргэлжлүүлж эцсийн шийдвэрээ гаргахаар талууд тохиролцоод завсарласан.