Энэ оны төсвийн тодотголыг баталлаа

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан мөнгийг хасч, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор болжээ.

Уг нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд энэ мөнгөө тусгасан хэвээр нь үлдээвэл зөв байсан юм. Улс орны цаашдын эрх ашгийг хангах үүднээс бэлэн мөнгө тараахын оронд хөрөнгө мөнгө болж эргэж орж ирэх төсөлд төсвийн мөнгийг хуваариладаг байх нь зүйтэй. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь зөв. Гэхдээ шийдвэрлэж байгаа арга хэлбэр нь буруу байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихгүйгээр Монгол Улс хөгжихгүй" хэмээн анхааруулж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Олон улсын валютын сантай хийсэн тохиролцоонд цалинг ойрын жилд нэмэхгүй байхаар тусгасан. Иймээс нэг удаагийн буцалтгүй тусламж болгож энэхүү мөнгийг олгож байгаа юм. Ер нь 2014 оноос цалин огт нэмэгдээгүй. Иргэдийн авч байгаа цалин инфляцид идэгдэж байгааг мэдэхгүй биш мэдэж байгаа" гэсэн тайлбарыг хийж байлаа.