Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга чааваас даа...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа. Энэхүү албан бичигт Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна.

Тэгвэл энэхүү хоригтой холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Ерөнхийлөгч Х.Баттулга намайг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьжээ. 3 талт хэлэлцээрийн үр дүнд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өглөө гээд хориг тавьсан юм байх аа. Өмнөх Засгийн газар өргөн бариад өнөөдөр УИХ баталсан 2017 оны төсвийн тодотголд туссан асуудлаар надад хориг тавьсан аж.

УИХ олонхоороо шийдсэн төсвийн асуудалд нэг хүнийг буруутгах ч гэж дээ. Чааваас даа..." хэмээн Сангийн сайдад биш Засгийн газарт хариуцлага тооцох ёстой хэмээн бухимдсан байна.