Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ.

Төсвийн орлогын чиглэлээр:

  1. Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ.
  2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой эрх шилжүүлэх ажил гүйлгээнд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгоно.

Газар ашиглах, эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, шилжүүлэг, далд худалдаатай холбогдон үүсдэг маргаантай асуудлуудыг цогц байдлаар шийдвэрлэн ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлнэ.

Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, газар ашиглах, эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор хуульчилж байгаа нь ард иргэдийн дунд үүсдэг эргэлзээтэй, ойлгомжгүй байдлыг бууруулж, тусгай зөвшөөрөл, эрх олгох ажиллагааг ил тод, нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар ашиглах, эзэмших эрхийн үндсэн ашиг хүртэгч, эцсийн эзэмшигчид, тэдгээрийн шууд болон шууд бус шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэн, ил тод болгох замаар хууль бус, далд хэлбэрээр тусгай зөвшөөрөл, эрх шилжүүлэхэд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгож байна. Үүний дагуу ногдуулах татварыг тайлагнаагүй, холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл, газрын эрх цуцлагдах тул тусгай зөвшөөрөл, газрын далд, хууль бус арилжаа буурах ач холбогдолтой юм.

Төсвийн зарлагын чиглэлээр:

1. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:

  • Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. Засгийн газраас 2020 онд хүн ам төвлөрсөн хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг 100 хувь бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн өндөр ачааллыг бууруулах зорилгоор тэргүүн ээлжид нийслэлийн 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, орон нутагт сургуулийн дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, цэцэрлэгийн 80 хувиас дээш гүйцэтгэлтэй дутуу барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж ашиглалтад оруулна. Энэ зорилтыг хангахын тулд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ба 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөг, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөгийг төсөвлөв. Ингэснээр Улаанбаатар хотын 7 дүүрэгт 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Мөн АХБ-ны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг дайчилж, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тэгш хүртээмжийг хангана.
  • Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана. Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрөөс эцэг эх, гэр бүлд үүсэх санхүүгийн дарамтыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх, зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг арилжааны банканд үүрүүлэх бус Боловсролын зээлийн санд хариуцуулж, үйлчилгээг шуурхай хүргэх, мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцад бүрэн төлж барагдуулах бололцоотой байхаар тооцож нэмэгдүүлэх зэрэг бодлого, зохион байгуулалтын өөрчлөлтийг Засгийн газраас 2017 онд багтаан хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их дээд сургуульд элсэн суралцагч нийт 35-37 мянга очим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэж, төлбөрийн дарамтгүй суралцах боломж бүрдэнэ. Ингэснээр 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулна.
  • Эрүүл мэндийн даатгалын сан, эрүүл мэндийн салбарын зарим байгууллагыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн санхүүжилт нь иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө, нөөцийн хуваарилалт, худалдан авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санг 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бие даан үйл ажиллагаагаа явуулахаар тооцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас Эрүүл мэндийн сайдын багцад холбогдох орон тоо, зардал, хөрөнгө болон орлого, эх үүсвэрийг шилжүүлэх зохицуулалт хийнэ.

Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, санхүү, төсвийн талаарх шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэх бодлогын өөрчлөлтийг 2018-2019 онуудад бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.

Эдгээр өөрчлөлтийн үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэгч байгууллагуудын дунд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шударга өрсөлдөөн бий болох, эрүүл мэндийн даатгалын сан болон улсын төсвөөс авах санхүүжилт нь үйлчилгээ хүргэсэн иргэд, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцэх, улмаар ачаалал өндөр эмнэлгүүдийн санхүүжилт мөн хэмжээгээр нэмэгдэх, нэмэгдсэн эх үүсвэрээр тухайн эмнэлгийн боловсон хүчин, тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх зэрэг бодит боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

  • Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажлыг урт хугацаат хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйтгэл, тэгшилгээг хийж, хөрсжүүлэн нөхөн сэргээж, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ба ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.
  • “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна.
  • Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулна.
  • Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно. Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, үр дүн, сахилга, хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан үр дүнгийн урамшуулал олгоход зориулан 56.2 тэрбум төгрөг төлөвлөв.

2. Төсвийн тогтвортой байдлыг хангах талаар хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:

  • Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохирсны дагуу ирэх жилд нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөг тусгав.

Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүрээг 80 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх боломжийг судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгож буй одоогийн аргачлалыг өөрчилж тухайн өрхийн тогтвортой буюу байнгын шинж чанартай орлогын эх үүсвэрт үндэслэн тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.

Гадаад зээл, өрийн чиглэлээр:

Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг бууруулахаас гадна дотоодын банкнуудад арилжаалж буй өндөр хүүтэй үнэт цаасны хэмжээг багасгаж, хүүгийн түвшнийг бууруулах, гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар өмнөх Засгийн газрын өргөн барьсан 2018 оны төсвийн төслөөс засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг даруй 130.0 тэрбум төгрөгөөр бууруулан 1,150.7 тэрбум төгрөг байхаар төсөлд туссан байна.

Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт:

Төсвийн зарчмуудыг баримтлан, дээр дурдсан голлох өөрчлөлтүүдийг оруулан тооцоход Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурахаар байна гэж төсөлд дурдсан байна.