Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.11.02) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга дэг журмыг тогтоох, авлига хээл хахуулийг хазаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг төсвийн төсөлд тусгалаа. Ирэх онд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжиж, татварын тогтолцоог илүү энгийн ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно. Түүнчлэн төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөгжлийн гарцад түүчээлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд бид 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Мөн улсын төсвийн алдагдлыг ирэх онд Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) найман хувьд хүргэн бууруулна.
Цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ. Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 231.4 тэрбум төгрөг буюу (ДНБ-ий) 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд 651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд 420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно гэж байлаа.
Мөн, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд дараахь бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнд:
Нэг. Ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, улмаар цөөн хэдхэн компани, хувь хүмүүс хэдэн зуугаар нь эзэмшиж түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх замаар худалдан борлуулж татвар төлдөггүй буруу жишгийн үндсийг таслах зорилгоор тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Хоёр. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийнэ. Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулна. Түүнчлэн санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох замаар Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг 130.0 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцлоо.
Гурав. Ерөнхий боловсролын сургуулийг гурван ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламжийн болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ.
Дөрөв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Эрүүл мэндийн даатгалыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс Нийгмийн даатгалаас тусад нь бие даалган ажиллуулахаар төлөвлөлөө. Эрүүл мэндийн үйлчилгээг даатгуулагч төвтэй байх тогтолцоог бий болгохын зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан жилийн нийт орлого тухайн жилдээ эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагддаг болно.
Тав. Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлнө. Боловсролын зээлд тавигдах шаардлагыг хөнгөвчилж оюутны сургалтын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр шууд Боловсролын зээлийн санд хариуцуулж зээлийн үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцдаа, өөрт нь дарамт үүсгэхгүйгээр бүрэн төлж барагдуулах боломж олгох тогтолцоог бүрдүүлнэ.
Зургаа. Орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийт 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөлөө.
Долоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50.0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд улирал бүр 240.0 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.
Найм. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Нийт 400 гаруй мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.8 тэрбум төгрөг тус тус нэмж төлөвлөлөө.
Ес. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулна. Малчдын нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэхэд зориулж 44.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс Тэтгэврийн санд шилжүүлж зарцуулна. Ингэснээр цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд, жилийн дөрвөн улирал тасралтгүй хөдөлмөрлөж нийгмийн даатгалд хамрагдаж байгаа эрэгтэй 54-58, эмэгтэй 49-53 насны нийт 13.5 мянган иргэн тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж, тэдний нийгмийн баталгаа сайжрах болно.
Арав. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд үүнд ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.
Арван нэг. Төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулна. “Нэмсэн бол хас” зарчим нэвтрүүлж төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн улс орнуудын сайн жишигт хүргэнэ. Эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг халах, төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн төсвийн шинэчлэл хийх зорилгоор төсөв хэлэлцэн батлах үйл явцад зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.
Арван хоёр. Төсвийн сахилга хариуцлагыг чанд мөрдүүлнэ. “Хямарсан эдийн засагтай Монгол Улсын төсөв мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална. Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар багш, эмч, төрийн бусад албан хаагчдийн цалин орлого, нийгмийн баталгааг шат дараатайгаар шийдэх боломж бий болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцолж байлаа.
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Б.Саранчимэг, Л.Энх-Амгалан, М.Билэгт, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Б.Дэлгэрсайхан, Д.Оюунхорол, Д.Гантулга, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Х.Нямбаатар нар асуулт асууж, тодруулав. Гишүүдийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт орсон эсэх, Засгийн газрын өрийг бууруулахад баримталж байгаа бодлогын талаар илүүтэй тодруулж байлаа. Мөн төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин урамшууллыг нэмэх, орон сууцны ипотекийн зээлийн хүүгийн дарамтад орж байгаа иргэдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх, хувийн хэвшлийг дэмжихэд Засгийн газрын зүгээс барих бодлогын талаар лавлаж байв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газар өрийг бууруулахад гол анхаарлаа тавьж, ажиллаж байгаа. Юуны өмнө төсвийн алдагдлыг бууруулах зарчмыг барьж байна. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдаг байдлыг таслан зогсоохоор зорьсон. Ингэсэн нөхцөлд арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эх үүсвэр нь нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй зээл олгох боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсад хөдөлмөрийн насны 1.4 сая иргэн байгаагийн 192 мянга нь төрийн албан хаагчид. Үлдсэн нь хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа. Иймд ажлын байрыг нэмэгдүүлэх, ниймгийн асуудлыг шийдэхийн тулд хувийн хэвшлийн салбарыг бодлогоор дэмжих шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа гэж байлаа.
Мөн иргэд ипотекийн зээлд жилдээ таван сая төгрөг төлсөн байхад үүнээс 500-600 мянган төгрөг л үндсэн зээлээс хасагддаг. Иймд Сангийн яамнаас энэ асуудлыг авч үзэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулж, өр нэмэхгүй байхыг анхааруулж, улсын төсөвт эдгээр компаниудаас 95 тэрбум төгрөгийн орлого оруулахаар тусгасан. Өмнөх Засгийн газрын боловсруулсан төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын жагсаалтыг огт өөрчлөөгүй. Харин Засгийн газрын зүгээс нийслэлийн зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа асуудлыг нэг мөр шийдвэрлэх, Улаанбаатар хотын одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж, хөрөнгө оруулалтыг нэмж тусгасан гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулав.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Ингэснээр гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, цэцэрлэггүй хороодын асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ зарим хороонд газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Иймд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах, ашиглалтын хугацаа дууссан хуучин сургууль, цэцэрлэгийг нураах замаар хүүхдийн суудлыг нь нэмэгдүүлсэн шинэ барилга барих, төрийн болон хувийн хэвшлийн компанид түшиглэн, цэцэрлэг байгуулахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна гэж нэмж хариулав.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, сахилга, хариуцлага, ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг тогтолцоог бий болгоход анхаарч Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах арга хэмжээнд 56,6 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Мөн төрийн албан хаагчдын нэмэгдэл урамшуулал, нэмэгдэл хөлсний асуудлыг авч үзэхээр Ажлын хэсэг ажиллаж байна гэж хариулж байлаа.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Я.Содбаатар, Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ч.Улаан, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Байнгын хороод, намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.