УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар 2018 оны төсвийг баталсан. Тэгвэл төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ өны төсвийн орлогыг Сангийн яам 7.2 их наяд гэж тооцсон бол зарлагыг 9.9 их наяд, алдагдал нь 2.7 их наяд байхаар тооцжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд онцоллоо.
Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай байх бол боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн жил байх аж. Тодруулбал, ирэх онд 82 сургууль, 127 цэцэрлэг шинээр барихаар төсөвт суулгажээ. Ингэснээр сургууль гурван ээлжээр хичээллэдэг асуудал арилж, цэцэрлэгт орохын тулд сугалаа сугалахгүй гэв.
Мөн оюутнуудад арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан зээл олгоно аж. Энэ зээл нь 5-15 жилийн хугацаатай байх бөгөөд 37 мянган оюутанд олгоно хэмээлээ. Ч.Хүрэлбаатар сайд үргэлжлүүлэн малчдын эрүүл мэндийн даатгалыг хөнгөлөх, цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр, “Эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцооны шинэчлэлийн суурийг тавих ёстой. Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ хариуцах ёстой.
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар хөнгөлнө. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэх ба өндөр өртөгтэй мэс засал болон бусад эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ирэх онд тэтгэвэр нэинэ. Инфляцитай уялдуулан 119.5 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд тусгасан байгаа. Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан учраас 44.6 тэрбум төгрөгийн тэтгэврийн санд шилжүүлсэн.
“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50.0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгох бөгөөд нийтдээ “Цалинтай ээж хөтөлбөр”-т 72.8 тэрбум төгрөгийг зарцуулна” гэв. Мөн энэ оны төсөвт орон нутагт бий болж буй ажилгүйдлийг арилгах зорилгоор хөдөөгийн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтыг идэвхжүүлэхээр тус бүр нь долоон тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгийг дуулгав.