АНУ-ын Анахайм хотноо өчигдөр хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, манай гурван эмэгтэй тамирчин хүчээ сорьж байна.
Тус тэмцээнд 68 орны эрэгтэй 185, эмэгтэй 143 нийт 328 тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 2014 оны ДАШТ-д IX, 2015 оны ДАШТ-д VII байр эзэлсэн М.Анхцэцэг, 63 кг-д залуу тамирчин Г.Анужин, 90 кг-д Э.Билэгсайхан нар хүч үзэхээр Америкийг зорьсон байна.
“Рио 2016” олимпийн наадамд 69 кг-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн шагналт VIII байрт шалгарсан М.Анхцэцэг энэ удаа 75 кг-д өрсөлдөхөөр болжээ. Харин Г.Анужингийн хувьд энэ жил амжилт дүүрэн байгаа билээ. Манай тамирчдын хувьд жиндээ “В” группт багтжээ.
2017 оны ДАШТ-д манай гурван тамирчнаас гадна шүүгчээр Олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үеэр болох олон улсын хуралд оролцож, Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлд нэр дэвшиж байгаа юм.