Жүдо бөхийн бага ДАШТ хэмээгддэг “Токио Их дуулга-2017” тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар Монголын эрэгтэй жүдочдоос анх удаагаа тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр чансаа өндөр Токиогийн Их дуулга-д түрүүлсэн Монголын хоёр дахь жүдоч болж байгаа бөгөөд Дэлхийн аварга М.Уранцэцэг анхны алтан медальтан болж байсан юм. О.Ууганбаатар алтан медалийн төлөө БНСУ-ын жүдоч Ли Сүнхотой барилдаж цэвэр яллаа.
ОУХМ О.Уугабаатар хагас шигшээд ОУХМ Н.Дагвасүрэнтэй учраа таарч нэмэлт цагт торгуулиар ялсан байна. Манай хоёр бөх дэлхийн дэвжээнд таван удаа таарч барилдаж ОУХМ О.Ууганбаатар дөрөв дэх удаагаа ийнхүү ялжээ. Н.Дагвасүрэн Их дуулгийн хүрэл медалийн төлөө Португалийн жүдоч Анри Эгутизетэй барилдаж ялснаар медалийн тавцанд гарч чадлаа.
Токиогийн Их дуулгаас медаль хүртсэн тонголын жүдочдыг сонирхуулбал: 1999 онд МУГТ Д. Баттулга мөнгөн медаль, 1999 онд МУГТ.Х.Болдбаатар хүрэл медаль, 2006, 2010, 2011, 2012 онд Х.Цагаанбаатар хүрэл медаль, 2012 он ОУХМ.Б.Тэмүүлэн хүрэл медаль, 2013 онд МУГТ.Н.Түвшинбаяр хүрэл медаль МУГТ М.Уранцэцэг 2013 онд мөнгө, 2016 онд алт, 2017 мөнгө, МУГТ.Д.Сумьяа 2015, 2016 онд хүрэл медаль, 2015 онд ОУХМ.Д.Төмөрхүлэг хүрэл медаль, 2016 онд ОУХМ.Д.Алтансүх хүрэл медаль, 2017 онд МУГТ Д.Амартүвшин мөнгө медаль, 2017 онд О.Ууганбаатар алтан медаль, 2017 онд Н.Дагвасүрэн хүрэл медаль тус тус хүртээд байна.