Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ээлжит хуралдаан болов

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаар Зөвлөлийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна. Үүний тулд бодлого, шийдвэр ил тод байх, хөрөнгө оруулагчдыг сонсож, гомдол, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн хариу өгдөг хариуцлагатай, тогтвортой, тууштай байх ёстой гэж Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үзэж байна. Дээрх зарчмуудад тулгуурлан мэдээллийн нэгдсэн нээлттэй систем бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв, Зөвлөлийн дэргэд байнгын ажиллагаатай Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх бүтэц байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр боловсруулж байгаа санал, хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан асуудалд хяналт тавьсан болон хуулийн зөрчил, давхардлыг арилгах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх мэдээлэл зэргийг сонсов.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт хурдацтай буурч, хууль эрх зүйн орчин тогтвортой бус байлаа. Дээд түвшинд хөрөнгө оруулалтын орчны нэгдсэн ажиглах тогтолцоогүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хөрөнгө оруулагчдад дарамт шахалт, хүнд суртал учруулдаг, гомдол, хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэдэггүй, тэднийг үндэслэлгүй хорьж, хилийн хориг тавьдаг зэргээс болж хөрөнгө оруулагчид манай улсаас гарах нь ихэссэн байна.

Үүнээс гадна холбогдох агентлагийн тавьж байгаа шаардлагыг яамд нь үл тоомсорлож, яам хоорондоо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж ажилладаг жишиг тогтсон байсныг засч залруулахыг олон улсын байгууллагууд зөвлөсөөр ирсэн юм.

Энэ бүхнээс үүдэн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан бөгөөд энэ Засгийн газар бодлого, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх юм.