Сарын сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим хэсэг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-28-нд зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 26-нд нутгийн зүүн хагаст, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.