Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн байдаг.Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны төсөвт 250,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэц худалдан авах санхүүжилт суугдсан, гадаад паспортын сунгалтыг зогсоосон тохиолдолд бэлдэцийн нөөц хүрэлцэхгүй зэргээс хамаарч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Тус газрын 2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой аж.
Иймд ОӨУБЕГ-ын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсоох юм байна. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах аж. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлжээ.