Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн болон албаны бусад хүмүүс оролцов.
Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав.
Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлийн “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2018 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зүйн доктор, профессор, академич С.Нарангэрэлд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж үг хэлсэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ, одоогоос 26 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. XX зуунд монголчуудын олсон чухал ололт амжилтын нэг нь 1992 оны Үндсэн хууль бөгөөд энэ хуулиар манай орон ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон билээ. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон.
Энэ шагналыг өнөөдөр дөрөв дэх удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, алдаршуулах зорилготой уг шагналын 2018 оныхыг академич Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээх Улсын Их Хурлын даргын захирамж гарсан юм.
С.Нарангэрэл академич бол 40 гаруй жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж, олон шилдэг бүтээл туурвисан, шилдэг хуульчдыг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан, доктор, профессор, академич хүн юм. Таны туурвисан “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлд Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгож байна. Танд бүтээл туурвилын их амжилт, сайн сайхныг хүсье” гэлээ.
Дараа нь академич С.Нарангэрэл үг хэлэхдээ, 1992 оны Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид багшийн нэрэмжит шагналыг гарын шавь нь “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээ хүртэж байгаадаа баяртай байна. Мөн Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад энэ нэр хүндтэй шагналыг хүртээхээр шалгаруулсанд талархаж байгаагаа онцлов.
Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат хуульч И.Дашням "Монгол Улсын төр, эрх зүйн түүх" хоёр боть цогц бүтээлээрээ, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан “Эрх зүйн онол” бүтээлээрээ тус тус хүртэж байлаа.