Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо.
Нэр бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн экобус, агаар шүүгч, сав, баглаа, боодол, хүнс, нийтийн хоолны тоног төхөөрөмж, автозам, барилга, хог хаягдлыг дахин боловсруулах, эрдэс чулуулаг, автомашины эд анги зэргээ үзэсгэлэнд толилуулж байна.
Аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирдэг тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх, бэлэн болсон бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрээр “Төр бол хамгийн том худалдан авагч. Төрийн хөрөнгө оруулалтаар авах бараа, бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэгчдээсээ сонгож байх нь зүйтэй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, аж ахуйн нэгжүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг сайд нартаа чиглэл болгоно. Иргэддээ ч уриалж байна” гэлээ.